Д.Цогтбаатар: Судалгааны тайлан нууцад хамарч буй учраас шилжүүлж авахад амаргүй байсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-03-21 20:18:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын  “Росгеолфонд”-ын архивд хадгалагдаж байсан Монгол орны нутаг дэвсгэрт 1950-1990 онд хийсэн геологийн судалгааны ажлын тайлан, материалуудын эхний хэсгийг өнөөдөр Монголын талд хүлээлгэн өгсөн. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Геологийн судалгааны тайланг гардуулан өгснөөр их хэмжээний хөрөнгө хэмнэж, гадны хөрөнгө оруулагчдыг татах эхлэл тавьж байна гэсэн. Энэхүү тайлан, материал олонд нээлттэй байх уу?

-Ер нь геологийн хайгуулын ажиллагаанд мэдээлэл хамгийн чухал суурь үзүүлэлт байдаг. Мэдээлэл дээр үндэслэн геологи, хайгуулын үйл ажиллагаа явуулж буй компани дараагийн үйл ажиллагаагаа төлөвлөдөг. Энэ мэдээлэл байхгүй тохиолдолд бүх ажлыг шинээр хийх шаардлага гарна. Хайгуулын мэдээлэл маш үнэтэй. Геологийн хайгуулд мөнгө босгох маш хүнд байдаг. Орд нь тодорхойгүй газар хайгуул хийх нь маш эрсдэлтэй. Гэтэл энэ мэдээллүүд маань ороод ирнэ гэдэг маш их хөрөнгө мөнгө хэмнэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад шаардлагатай нэмэлт мэдээллүүд ирж байна гэсэн үг. Манай улсын хувьд геологийн хайгуулын ажлыг тухайн үеийн ЗХУ-тай хамтран хийж, мэдээлэл нь ОХУ-д хадгалагдаж байсан. Нууцад хамрагдаж байсан учраас манай улсын хөгжилд хэрэгтэй байсан ч бид түүнийг авч чаддаггүй байлаа. Одоо энэ мэдээлэл манай улсад үнэ төлбөргүйгээр шилжиж ирж байгаа нь уул уурхайн хөгжилд томоохон хувь нэмэр болно.

Геологийн судалгааны ажлын тайлан, материал нээлтэй байх эсэх нь тодорхой журамтай. Журмын дагуу ажиллана.

-Судалгааны материалыг Монголд авчрах ажил хоёр орны Засгийн газар хооронд олон жил яригдсан. Хугацаа хойшилж ирсэн шалтгаан юу байсан вэ?

-ЗХУ-ын үед эдгээр материалыг нууцад хамруулсан байсан. Аливаа улс нэгэнт нууцад хамарсан мэдээллийг нууцаас гаргах нь амар ажил биш. Манай улсын зүгээс энэ асуудлыг байнга тавьж ирсэн. Оросын санхүүжилтээр, геологчид хийсэн ч Монголын газар нутаг дээр хийсэн тул бид энэ мэдээллийг авах нь манай улсын хөгжилд хувь нэмэр болно гэж үзэж буйгаа олон жил мэдэгдсэн.

-Хоёр орны хамтран хийсэн хайгуулын эхний хэсгийн материал гэж байна. Үлдсэн хэсэг нь хэзээ орж ирэх бол?

-70 орчим диск материал ирж байна. Үүнийг хэвлээд гаргах юм бол хэдэн хуудас материал болно. Өөр нэмэлт материал ОХУ-ын талаас авахаар бид ажиллаж байгаа.

-40 жилийн хугацаанд хийсэн тэрхүү судалгааны ажлыг үнэлбэл хэр хэмжээний хөрөнгө шаардагдах бол?

-Тухайн үед жил бүр геологийн хайгуулын төсвийг ЗХУ болон манай улс хариуцан хамтран хайгуул хийж байсан. Тэр үеийн ханшаар хэмжигдэнэ. Энэ бүхэн мөнгөөр хэмжигдэх зүйл биш. Гэхдээ энэ ажлыг хийхдээ төсвөөс маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж энэ мэдээллийг бий болгосон нь маш их хэмнэлт болох юм. Хаана хайгуул хийж болох, хаана хийгээд хэрэггүйг мэддэг болж байна. Нэг өрөмдлөг хийх нь л хэдэн саяар тогтохгүй үнэлгээтэй. Ингээд бодоход асар их хөрөнгө хэмнэнэ.   
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ