Аймгийн хүүхдийн ээлжит зургаадугаар чуулган болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-21 11:55:15
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Хүүхэд, өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, хүүхдэд ээлтэй засаглалыг бий болгон шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх боломжийг бүрдүүлэх “Хүүхдэд ээлтэй Алтай” аймгийн хөтөлбөр боловсруулахад хүүхдүүдийн санаа бодлыг тусгах зорилгоор ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн нэгдсэн зөвлөл хамтран “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Хүүхдийн ээлжит зургаадугаар чуулганыг зохион байгууллаа. 
Чуулганаар хүүхдүүд өөрсдийн эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал, хүүхэд хамгааллын чиглэлээр олон асуудлыг дэвшүүлсэн юм. Тухайлбал: гудамж талбайн аюулгүй байдал буюу гэрэлтүүлэг муу, золбин ноход их байгаа нь бидний аюулгүй байдалд нөлөөлж байна гэдгийг хамгийн ихээр хөндсөн төдийгүй эцэг эхчүүдийн хараа хяналтыг сайжруулах, сургуулийн сургалтын орчныг сайжруулахыг чухалчилж байлаа. Тэд өөрсдөдөө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд дуу хоолойгоо нэгтгэн шийдвэр гаргагчдад санал бодлоо илэрхийлж, түүнийг шийдвэрлэх гарцуудыг бий болгоход чиглэсэн уриалгыг орон нутгийн удирдлагуудад өгсөн юм.  
Чуулганы үеэр хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ" сэдэвт зөвлөлгөөнийг зохиож, хүүхдийн асуудлын өнөөгийн байдалтай танилцаж цаашид хийх ажлын төлөвлөлтүүдээ ярилцан санал бодлоо солилцов. 
Чуулганд төвийн болон хөдөөгийн сум, тосгоны сургууль бүрээс найман, нийт 300 гаруй хүүхэд оролцсон бол хүүхдийн төлөө ажиллаж буй цэцэрлэг, сургуулийн удирлагууд, боловсролын байгууллагын нийгмийн ажилтнууд, сум бүрт хүүхдийн төлөө дуу хоолой болж буй хүүхдийн элч нар, сумдын Засаг дарга гээд нийт 160 гаруй төлөөлөгчид чуулж, хүүхдийн асуудлын цогц мэдээлэлтэй болж хүүхдэд тулгамдсан асуудлуудын гарцыг тодорхойлов.  
Энэ удаагийн ээлжит зургаадугаар чуулганы үр дүнд “Хүүхдэд ээлтэй Алтай” хөтөлбөр удахгүй хэрэгжиж, хүүхдэд чиглэсэн эерэг боломжууд бий болж, тэдэнд тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх учиртай хэмээн аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг онцолсон юм. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ