Х.Тэмүүжин гишүүний өргөн мэдүүлсэн сонгуулийн хуулийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-26 10:54:57

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, “Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал, тэрчлэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй. Мөн уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан” гэлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүдээс ямар нэг асуулт, санал гараагүй бөгөөд олонх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэн. Үүний дараа хуулийн төслийг бүхэлд батлах нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад дийлэнх нь дэмжив.

Тус хуулинд төрийн үйлчилгээний албан хаагч сонгуульд ажлаа хийж байгаад нэр дэвшиж болох заалтыг шинээр оруулж ирж байгаа юм. Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын сонгуульд оролцогчдын эрх тэгш байдал хангагдаж, эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн чанар сайжрахаас гадна хууль хоорондын уялдаа хангагдаж хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ