УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-26 10:31:23

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар эхэллээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 10 асуудал хэлэлцэнэ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, “Эдийн засгийн чөлөөт хэлэлцээртэй холбоотой зарим хууль батлагдалгүй үлдчихээд байна. Энэ асуудал юу болсон бэ.Бараагаа татваргүй хилээр гарагдаг болмоор байна” гэхэд УИХ-ын дарга З.Энхболд, “Байнгын хороо хуралдаагүй учир чуулганаар хэлэлцэх боломжгүй. Байнгын хороо ирэх долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй” гэсэн чиглэл өглөө.

Гишүүдээс өөр санал гараагүй тул хэлэлцэх асуудлаа баталснаар өнөөдрийн хуралдаан эхлэв.

Б.Туул

 

Холбоотой мэдээ