Хяргас сумын Бугат багт хаваржилт хүндэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-19 14:49:52
Увс /МОНЦАМЭ/. Хяргас сумын Бугат багт одоогийн байдлаар 290 гаруй мал зүй бусаар хорогдож, төлийн хорогдол 400 хол гараад байна. Мал төллөлт 50 хувьтай байгаа боловч цаг агаар дулаарахгүй хүйтэн байгаагаас ямаа ихээр хээл хаяж байгаа аж.
“Манай багийн 109 малчин өрхөд 67,9 мянган толгой мал өвөлжсөн. Тус баг нь 17 мянгат малчинтай бөгөөд энэ жил малаа таван төрөлд нь өсгөлөө. Өнгөрсөн зун өвсний гарц муу байсан болохоор мал тарга тэвээрэг олигтой аваагүй, өвлийг хүндхэн байдалтай давсан. Ямартай ч урин цаг ирж байгаа болохоор гайгүй болох байх аа” хэмээн тус багийн Засаг дарга Н.Түвшинтөгс хэллээ.
Увс аймгийн Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны залуучууд малчдад туслах сайн үйлсийн аян эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд тэд өнгөрсөн амралтын өдрүүдээр Хяргас сумын Бугат багт ажиллаж тус багийн малчдад хүнс, тэжээлийн тусламж үзүүлсэн байна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг шиг хүндхэн өвөл, хаврыг давж буй малчддаа сэтгэлийн дэм үзүүлсэн залуучуудад Бугат багийнхан баярлаж талархсанаа илэрхийлж, урмын үгийг харамгүй хайрласан байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ