Хөлөнбуйрт 2017 онд гадаад, дотоодын 17 сая жуулчин зочилжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
173@montsame.mn
2018-03-15 10:27:18
БЭЭЖИН /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-ны өдөр ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод тус хотын “2018 оны аялал жуулчлалын хурал”-ын нээлт болов.
Хурлын үеэр “Хөлөнбуйр хот нь Монгол-Хятад-Орос гурван улсын “цогц” аялал жуулчлалын зах зээлийг бүтээн байгуулахын тулд бүх талаар идэвхтэй ажиллаж байна. Тус хот нь 2017 онд гадаад, дотоодын 17 сая жуулчин хүлээн авсан нь өмнөх оныхоос 10 хувиар өссөн” гэдгийг тодотгов.
Өнгөрсөн онд Хөлөнбуйр хот нь албан ёсоор Монгол-Хятад-Оросын олон улсын аялал жуулчлалын хот болсон тул зам харилцаа, аж үйлдвэр зэрэг салбаруудаа хөгжүүлж, гурван улсын хилийн аялал жуулчлалын “цогц” бүтээн байгуулалтыг бий болгохоор зорьж байна.    
2017 онд Хайлаар-Улаан-Үд-Эрхүү чиглэлийн 7 нислэг, Хайлаар-Чойбалсан-Улаанбаатар чиглэлийн 22 нислэгтэй болсон байна. Түүнээс гадна аялал жуулчлалын компаниудыг боомтоор нэвтрэх хөнгөлөлттэй бодлогоор дэмжиж байгаа аж.
Хөлөнбуйр хотын Аялал жуулчлалыг хөгжүүлэх хорооны дарга Туяа “Бид Монгол, Орос улсуудтай “цогц” аялал жуулчлалын зах зээлийн хамтын ажиллагааг улам бүр нэмэгдүүлнэ” хэмээн хэлэв.
Дашрамд дурдахад, Хөлөнбуйр хот нь Монгол-Хятад-Орос гурван орны хил залгаа ӨМӨЗО-ны зүүн хойд бүсэд байрладаг юм. ОХУ болон Монгол Улстай нийт 1733 км газар нутгаар хиллэдэг. Мөн Хөлөнбуйрын тал нутаг нь дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг ажээ.       
А.Анхбаяр
Холбоотой мэдээ