Алтанширээ сумын 100 малчин өрхөд тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-14 14:34:15
Дорноговь /МОНЦАМЭ/. Монголын Улаанзагалмайн нийгэмлэгээс Дорноговь аймгийн Алтанширээ сумын 100 малчин өрхөд хүнсний болон, малын эрдэс тэжээлийн багцаар хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.
Тусламжийг зудын эрсдэлийн зураг дээр тулгуурлан өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй, бэлчээр тааруу долоон аймгийн 25 суманд хүргэж буйн нэг нь Алтанширээ сум юм. Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн ИТХ-ын дарга, Дорноговь аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн С.Түмэнбаяр, аймгийн Улаан загалмайн нийгэмлэг болон Онцгой байдлын газрын албаны хүмүүстэй хамт гардуулав.
Дашрамд дурдахад 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн төлөв байдал, ургац тодорхойлох ажлын талаарх аймгийн УЦУОША-ны гаргасан мэдээллээр 14 сумын 53 багийн нийт нутгийн 24 хувь нь зуншлага хэвийн, 37 хувь нь гандуу, 39 хувь нь гантай гэсэн дүгнэлт гаргасан аж.
Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг, Замын-Үүд сумын нутгаар бэлчээрийн даац нэгээс гурав дахин хэтэрсэн, Даланжаргалан сумын Бичигт багаас бусад багийн нутаг, Замын-Үүд сумын нутаг бүхэлдээ, Дэлгэрэх сумын Цагаан хад, Аманшанд багийн нутгаар даац олон дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна.
Х.Эрдэнэбулган  
Холбоотой мэдээ