Говь-Алтайн иргэдээс Энэтхэгт сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-11 13:19:49
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын урилгаар Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу энэ сарын 10-11-ний өдөр Говь-Алтай аймагт ажиллалаа. Тэрээр аймгийн удирдлагуудтай уулзаж Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газар, Элчин сайдын яам болон аймаг хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Гансэлэм Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабуд хандан “Орон нутгийнхаа төрийн албан хаагчдын гадаад хэл, компьютерийн мэдлэгийг дээшлүүлэх, туршлага судлуулахад чиглэсэн олон талын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Энэтхэг улсын шашны сургуульд хүүхэд, залуучуудыг сургах мөн аймгийн “Багш хөгжлийн ордон”-ны засвар, тохижилтын ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Элчин сайд Суреш Бабу Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг Англи хэлний урт болон дунд хугацааны хөтөлбөртөө Говь-Алтай аймгаас энэ онд 15 хүнийг 100 хувийн тэтгэлэгтэйгээр хамруулахаар болсноо дуулгалаа. Цаашид мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, банк санхүү зэрэг төрөлжсөн сургалтанд ч хамрагдах боломжтой бөгөөд тус аймгаас олон иргэн  хамруулахад дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн тэр тусмаа мал аж ахуйн гаралтай үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой төслүүд хэрэгжүүлж хамтран ажиллана гэдгээ онцоллоо.
Тэрээр орон нутгийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд болох “Солонго” хороолол, 50 ортой төрөх эмнэлэг, 960 хүүхдийн сургуулийн барилгын ажилтай танилцсанаас гадна Орон нутгийн судлах музейг үзэж сонирхсон юм.
Энэ үеэр Элчин сайд Суреш Бабу аймгийн Засаг дарга С.Гансэлэмд Монгол Улсын нэрт орчуулагч Ж.Гэндэндарамын орчуулсан Энэтхэг улсын эртний философийн 21 боть зохиолыг бэлэглэсэн бол аймгийн Засаг дарга орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ брэнд бүтээгдэхүүний дээжээс гардууллаа.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ