Их найрагч Ү.Ахытын ном монгол хэлээр хэвлэгдэн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-09 10:57:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахын ард түмний суут найрагч, казахын бичгийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Үлимжийн Ахытын "Сургамжит уриалга" /Далайлул ғахилия/ ном Улаанбаатар хотод саяхан монгол хэлээр хэвлэгдэн гарлаа.

Яруу найрагчийн уг номыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, орчуулагч Р.Шынай орчуулж, хэл шинжлэлийн ухааны доктор Гагаагийн Золбаяр редакторлан Казахстаны Үндэсний ШУА-ийн  академич М.Абдулдин, У.Калижан, доктор, профессор Н.Байтенова, С.Негимов, дэд доктор, профессор Г.Омарова нар өмнөх үгийг бичжээ. Мөн Ү.Ахытын Турк Улсад байгаа охин А.Мастура, түүний хүү А.Ж.Ушар нар ивээн тэтгэжээ.

Их найрагч, нэрт соён гэгээрүүлэгч Ү.Ахыт 1868 онд Алтайн цаадах Хөхтохойн Хайрьт хэмээх газарт мэндэлжээ. Ховдын хязгаарт хорин настайгаасаа эхлэн 22 жил амьдарч сургууль, хийд байгуулан Монголын казахуудад соёл түгээжээ. Улмаар 1939 онд хилс хэргээр баривчлагдан 1940 онд Үрэмчийн шоронд тамлагдан амиа алдсан байна.

Түүний бүтээлүүд 1891 оноос Санкт-Петербург, Орынбор, Казань хотуудад 17 удаа /9 ном/ амьд ахуй цагт нь хэвлэгдсэн бөгөөд 1970 оноос Ж.Какей, Р.Шынай, Х.Хабидаш нар таван номыг нь Монгол Улсад эмхтгэн гаргажээ. Түүнчлэн 1980-аад оноос БНХАУ-д Н.Халиолла, Ж.Хадыс нар гурван боть номыг нь эмхтгэн, Гүлнар Омарава хоёр боть түүвэр зохиолыг нь 2011 онд Туркийн Кония хотод хэвлүүлсэн байна.

Ү.Ахытын мэндэлсний 150 жилийн ойг Монгол, Казахстан болон бусад улс орнуудад тэмдэглээд эхлэв. Энэ ажлын хүрээнд Өлгий сумын ИТХ-ын тогтоолоор хотын баруун гурван замын уулзварын дагуух гудамжийг Үлимжийн Ахыт хажын нэрэмжит болгохоор шийдвэрлээд байна.   
           

Ө.Нурболат


Холбоотой мэдээ