“Мазаалай” хүүхэд, залуучуудын театр анхны уран бүтээлээ үзэгчиддээ хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-07 16:32:37
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Мазаалай”  хүүхэд, залуучуудын театрын анхны уран бүтээл Д.Мэндсайханы зохиол “Ээжээ” уянгын драмын жүжиг гуравдугаар сарын 6-ны өдөр үзэгчдийн хүртээл боллоо.    
Энэхүү жүжгийн продюсерээр С.Болормаа, найруулагчаар МУСТА Ц.Энхболд ажиллаж, гол дүрүүдэд МУСТА, жүжигчин Б.Эрдэнэцэцэг, МУСТА, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх драмын дугуйлангийн багш Б.Жаргалсайхан, МУСТА, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын хөгжимчин У.Сайнжаргал, дүрүүдэд МУСТА, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын бүжигчин Н.Одонбаатар, Д.Гансэлэм болон драмын дугуйлангийн сурагчид тогложээ. 
Эл жүжгийг Х.Бат-Эрдэнэ захиралтай “Алтай констракшн” ХХК ивээн тэтгэж, аймгийн ИТХ, ЗДТГ дэмжин ажилласан байна. Нийгмийн бүхий л асуудал тэр тусмаа эх хүний хайр энэрлийн тухай өгүүлсэн жүжгийг 150 гаруй хүн үзэж, өөрийн эрхгүй нулимс унагасан сайхан жүжиг үзлээ хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
Хүүхэд, залуучуудыг урлагаар дамжуулан хөгжүүлэх, төлөвшүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй үйл ажиллагааны тодхон жишээ нь энэхүү жүжигт драмын дугуйлангийн сурагчдыг тоглуулж, үе тэнгийн хүүхдүүдэд нь үлгэр дууриалал үзүүлж чадлаа хэмээн тус газрын дарга С.Болормаа онцолсон юм. 
 
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ