Баян-Өлгийд "Майдар эргэх" ёслол анх удаагаа болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах Раашгэмпэллин хийдэд маргааш буюу шинийн 16-ны өдөр шашны "Майдар эргэх" ёслол анх удаагаа болно.
Уг үйл ажиллагааны хүрээнд буяны ажлууд явуулахаас гадна аймгийн төвд урианхай сурын харвааны тэмцээн зохион байгуулах аж.
Тус аймаг дахь буддын шашинт ард иргэд өмнөх жилүүдэд сүсэглэх хийдгүй байснаас "Майдар эргэх" ёслолыг хэдхэн хүний хүрээнд энэ тэнд үйлддэг байжээ. Харин өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Рашгэнпилэн хийдийн хашаанд буддын шашны анхны гэр дуганыг тус аймгийн Өлгий сумын дөрөвдүгээр багийн иргэн Д.Төрмөнх өөрийн хөрөнгө оруулалт, хүч хөдөлмөрөөр босгосноор дээрх арга хэмжээг энэ жилээс өргөн хүрээнд зохион байгуулах боломж бүрджээ.
Ө.Нурболат