"Оюутан цэрэг"-ийг маргаашнаас бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-28 13:52:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэн нь эх орноо хамгаалах үүргийн дагуу 12 сар буюу нэг жилийн хугацаат цэргийн алба хаах, цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах, цэргийн албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэх, “Оюутан цэрэг” сургалт, “Гэрээт цэрэг” зэрэг таван төрлөөр цэргийн алба хаадаг. Цэргийн алба хаах таван төрлийн нэг “Оюутан цэрэг” хөтөлбөрийн Улаанбаатар дахь бүртгэл маргааш эхлэх гэж байна.
Журмын дагуу хөтөлбөрт хамрах иргэн нь 18 нас хүрсэн, их, дээд сургууль, МСҮТ-д суралцдаг байхаас гадна иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, оюутны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр/Сүүлийн нэг жил төлөгдсөн байх/, сургуулийн тодорхойлолт, сурлагын дүнгийн хүснэгт /голч дүн 2.8-аас дээш байх/, сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл бичиж бүртгүүлнэ. Дүүргүүд дээр бүртгэх ажил 3 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн 18 настай оюутан нь 4 дүгээр сарын 1-нээс өмнө төрсөн байх нь. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ