Голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас 2-77 см-аар ахиу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-27 18:21:49
Архангай /МОНЦАМЭ/.  Архангай аймгийн нутгаар урсах Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут, Суман, Хойт, Урд Тамир, Орхон-Өлзийт голын мөсний зузаан хоёрдугаар сарын  эхний арав хоногоос 1-10 см-аар нэмэгдэж, 80-130 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 2-77 см-аар ахиу гэж гарчээ.

Өндөр-Улаан сумын Чулуут гол нь усны харуулын чиглэлд ёроолдоо хүртэл хөлдсөн байна.

Хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар ихэнх гол, нууруудын  мөсний зузаан, зузаарах хандлагатай байгаа  хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ. Мөн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ