Авлигатайгаа тэмцэхийг Монголд уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-24 10:59:58

ЛОНДОН. /Publicfinanceinternational/. Улам бүр газар авч буй авлигын асуудлаа Монголын Засгийн газар нэн тэргүүнд зохицуулах хэрэгтэй гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага мэдэгджээ.

Төв Азийн цээжинд орших Монгол нь газар нутгийн хувьд том боловч далайд гарцгүй, хүн ам цөөн улс. Монгол нь ядуу, маш удаан хөгжиж байсан улс. Харин өндөр чанартай нүүрс, алт, зэсийн асар их нөөцтэй орд газраа илрүүлсний дараа Монгол Улс нийгэм, эдийн засгийн хувьд эрчимтэй хөгжиж эхэлсэн билээ. Эдгээр орд газрын тусламжтайгаар Монголын эдийн засаг 2020 он гэхэд гурав дахин өсөж, тус улсын хэдхэн сая иргэн дэлхийн дундаж давхаргын иргэдтэй мөр зэрэгцэн алхана гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/ мэдэгдэв.

Гэсэн хэдий ч, авлига ноцтой асуудал болоод байна. Монголд авлигатай тэмцэх шинэчлэл хийх шаардлагатай бөгөөд тус улсын ашигт малтмалын нөөц баялаг нь "залуу ардчилсан засаглал" болон "авлигын сорилтууд"-ыг хурцатгаж байгааг ЭЗХАХБ тайландаа онцолсон байна.

Монгол Улс чухал гэсэн хэд хэдэн шинэчлэлийг хийсэн боловч эдгээр нь тогтвортой үр дүнгээ өгөх болоогүй байна гэж тайланд дурджээ.

Монголын Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх идэвхтэй үйл ажиллагаа, олон нийтийн мэдлэг, мөрдөн шалгах ажиллагааг ЭЗХАХБ сайшаасан боловч тус байгууллагын чадавхыг нэмэгдүүлж, маш өргөн эрхийг олгох хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа хэргүүдийг хэрэгсэхгүй болгох өршөөлийн хуулийг батлахаас зайлсхийхийг ЭЗХАХБ Монголд уриалжээ.

Мөн авлигатай тэмцэх стратегийг цаг алдалгүй баталж, Үндсэн хуулийг олон улсын стандартад нийцүүлж, иргэний үйлчилгээ, улс төрийн нам, санхүү болон шүүхийн байгууллагад шинэчлэл хийхийг ЭЗХАХБ зөвлөсөн байна.

Гэхдээ Монгол Улс ахиц дэвшил гаргасныг ЭЗХАХБ тайландаа мөн дурдсан байна. Үүнд: төрийн захиргааны ёс журмыг боловсруулсан, үндэсний аудитын газрын үйл ажиллагаа сайн байгаа болон төрийн байгууллагын санхүүгийн гүйлгээний тайланг ил тод болгохоор заасан Шилэн дансны хууль зэрэг багтжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ