Багуудын хилийн цэсийг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-02-21 21:24:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн багуудын хилийн цэсийг шинэчлэн тогтоох асуудлаар аймгийн Засаг дарга Г.Батжаргал, аймгийн ерөнхий архитектор С.Хүрэлхуяг болон холбогдох албаныхан хуралдлаа.

Одоогийн төлөвлөлтөөр Баянхонгор сум нь есөн багтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэгвэл шинэ төлөвлөлтийн төслөөр хоёр багийг нэмж байгуулах бөгөөд нэг багт байх иргэдийн тоог 4500-аас хэтрүүлэхгүй байхаар тусгажээ. Одоогийн нэршлээр тухайн баг нь оноосон нэр болон дугаартай байгааг цаашид болиулж, зөвхөн нэршлээр дуудаж, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх асуудлыг ярилцаж байна.
Хэрэв энэ өөрчлөлт хийгдэхээр бол Улсын бүртгэл дэх иргэдийн хаягийн мэдээлэлд ч өөрчлөлт орж, 1992 оны аймгийн ИТХ-ын тогтоолоор багийг дугаарлаж байсан бол 1999 оны аймгийн ИТХ-ын тогтоолоор оноосон нэрийг дугаарын хамт ашиглах болжээ. Дугаар, нэршлийг хамтад нь ашигласнаар ойлголтын хувьд зарим хүндрэл үүсэхийг ч албаныхан хэлж байна. Тухайлбал, Номгон нэгдүгээр баг гэсэн нэр томьёо нь Номгон хоёрдугаар баг байдаг мэт ойлголтыг төрүүлж байгаа учир дээрх өөрчлөлтийг хийх шаардлага байна гэж албаныхан үзжээ.

Багийн нэршил болон хилийн цэсийг өөрчилснөөр хаягжилтыг мөн өөрчилж, шинэчлэх шаардлага үүсэх учир холбогдох албаныхан энэхүү өөрчлөлтийн ажлыг шуурхайлж, ирэх сард хуралдах аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөв.
                                                                                                                           Б.Мөнхзул

Холбоотой мэдээ