Зүүнбаянд шүлхий өвчин гарч хорио цээр тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-02-21 11:32:59
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаянд малын шүлхий өвчний шинж тэмдэг илэрснийг албаныхан дээж авч лабораторид шинжлүүлэхэд шүлхий өвчин мөн болох нь тогтоогджээ.
Тиймээс хоёрдугаар сарын 20-нд Дорноговь аймгийн Онцгой комисс хуралдаж өвчин гарсан газарт хорио цээрийн дэглэм тогтоож, шаардлагатай арга хэмжээ ажиллаж эхэллээ. Өнөөдрөөс эхлэн Зүүнбаянд мал эмнэлэг, онцгой байдал, мэргэжлийн хяналтын газар, орон нутгийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж байна.
Зүүнбаянгаас гадна тус аймгийн Эрдэнэ суманд малын гоц халдварт  шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа юм. Энэ оны 12 дугаар сарын 03-наас хойш Дорноговь аймгийн хэмжээнд шүлхий өвчнөөр нийт 190 гаруй мал өвчилснийг устгасан аж.
Шүлхий өвчин малд зээрийн сүргээс халдварласан гэж албаныхан үзэж байна. Учир нь  малын эмч нар зээрийн сүргээс дээж авч шинжлэхэд шүлхий өвчин илэрсэн аж. Энэ жил зөвхөн Эрдэнэ сумын орчимд л гэхэд 10 гаруй мянган зээр нүүдэллэж ирсэн гэж аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболд хэлэв.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ