Ц.Даваасүрэн: Хууль бус гэрээг цуцалснаас Тавантолгойн ЦС-ын төслийг цуцлаагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-02-20 12:13:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар 2014 онд Оюу Толгой компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээ цуцлах санал хүргүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Тавантолгойн Цахилгаан станцын төслийн нэгжийн захирал Д.Батбилэг нар мэдэгдэл хийлээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээллийн эхэнд "2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр 2017 оны  долдугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүрэг хүлээсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3.т Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш Оюутолгой компани 4 жилийн дотор дотоодын гурван эх үүсвэрээс эрчим хүчээ хангахаар тусгасан. Үүнд, Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн эсвэл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц, Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсвэл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс сонгох эрхтэй юм. 

Гэвч тухайн үeийн Засгийн газар 2014 оны 8 дугаар сарын 14 нд байгуулсан “Өмнөд бүсийн Эрчим хүчний салбарт хамтран ажиллах” гэрээг хууль бусаар байгуулж, Монголоос эрчим хүч авах үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрчихсөн. Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ баталсан учир нэмэлт оруулахад ч УИХ-аар хэлэлцүүлээгүй энэ гэрээг байгуулсан. Ингэснээр Оюу Толгой компани эрчим хүчээ БНХАУ-аас импортолж, түүний хөлсөнд жилд 160 сая ам доллар зарцуулж байсан. Тийм учраас Монголын талд ашиггүй, хууль бусаар зурагдсан энэ гэрээг цуцлах саналыг Засгийн газар хөрөнгө оруулагч талд илгээсэн" гэлээ.

Тэрбээр мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ асуудалтай холбогдуулан ташаа, буруу мэдээлэл гарч байгааг онцолсон юм. Тодруулбал, Оюу Толгой төслийн цахилгаан станц барих гэрээг цуцалсан эсвэл Тавантолгойн цахилгаан станцын төслийг цуцалсан гэдэг нь ташаа мэдээлэл гэв.

"Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах" гэрээг цуцалснаар 2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюу Толгой компани эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс хангах үүргээ биелүүлэх шаардлагатай болж байгаа юм. Оюу Толгой компанийн зүгээс ч энэхүү саналыг хүлээн зөвшөөрч, дотоодын эх үүсвэрээс хангах хувилбарыг сонгохоор ажиллаж эхэлснээ мэдэгдсэн юм. 

Харин Тавантолгойн цахилгаан станцын төсөл хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ТЭЗҮ дууссан, бүтээн байгуулалтын ажлыг энэ оны долдугаар сард эхлэхэд бэлэн болсон гэдгийг Тавантолгойн Цахилгаан станцын төслийн захирал Д.Батбилэг хэлж байв. Хэрэв 2018 онд барилгын ажил эхэлбэл дөрвөн жилийн дараа буюу 2021 онд дуусч ашиглалтад орох юм. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Цахилгаан станцын төслийн нийт өртөг 1 тэрбум ам.доллар бөгөөд хүчин чадал нь 450 мeгаватт байх аж. Төслийн хөрөнгө оруулагчаар Марубени /66 хувь/, М-Си-Эс /34 хувь/, зээлдүүлэгчээр Япон, Солонгос улс болон дотоодын арилжааны банкууд оролцохоор төлөвлөөд байгаа юм. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ