Мальдив онц байдлын хугацааг 30 хоногоор сунгаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-20 09:56:36
МАЛЕ. /Синьхуа/. Үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлж буй асуудлууд шийдвэрлэгдээгүй байгаа учир онц байдлын хугацааг 30 хоногоор сунгахыг Мальдивын Ерөнхийлөгч Абдулла Ямен парламентаас хүссэн гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.

А.Ямен хэлэхдээ "Улс оронд аюул заналхийлж буй асуудлууд шийдвэрлэгдээгүй байгаа учир онц байдлын хугацааг сунгахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөсөн” гэжээ.

Хэрвээ түүний хүсэлтийг парламент нь хүлээн авбал энэ сарын 5-нд зарласан 15 хоногийн онц байдал 30 хоногоор сунгагдах аж.

Сөрөг хүчний есөн улс төрчийг, тэдний дотор Ерөнхийлөгч асан Мохамед Нашидыг суллах гэнэтийн шийдвэрийг Дээд шүүх нь гаргасантай холбоотойгоор Мальдивын Ерөниийлөгч А.Ямен энэ сарын 5-нд 15 хоногийн онц байдал зарласан юм. Гэхдээ онц байдал зарласны дараахан Дээд шүүх шийдвэрээ хүчингүй болгосон билээ.
Г.Доржханд

Холбоотой мэдээ