Төв номын сан тусгай уншлагын өрөөтэй болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-13 15:59:42
Увс /МОНЦАМЭ/ Аймгийн Төв номын сан Туркын Тика олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр вип буюу тусгай уншлагын танхимтай болоод байна. Өнгөрсөн оны сүүлчээр номын сангийн хамт олон төсөл бичиж хүргүүлсний дагуу энэ он гарсаар Тика олон улсын байгууллагаас 20 сая төгрөгийн дэмжлэг авч тусгай танхим тохижуулсан байна.
Тус танхим нь уншигчдад тав тухтай, тохилог орчин бүрдүүлсэн аж. Мөн ажлын бус цагаар ч иргэд очоод хүссэн номоо уншиж судлах боломжтой байна. Уг танхимын нээлтийг Цагаан сарын дараа хийхээр товлоод байгаа аж.

Аймгийн Төв номын сангийн хамт олон өнгөрсөн онд 15 сая төгрөгөөр номын фондондоо баяжилт хийсэн бөгөөд тэгэхдээ 633 нэр төрлийн 1076 ш ном шинээр авсан байна. Эдгээр номны ихэнх нь амьдрах ухаан, хувь хүний хөгжил, төлөвшлийн тухай бүтээлүүд аж. Өнгөрсөн жил аймгийн Төв номын сангийн дэргэд Америкын соёл мэдээллийн төв нээгдсэн бөгөөд энэ төвөөр дамжуулан Увс аймгийн ард иргэд, хүүхэд залуучууд англи, орос хэлийг үнэ төлбөргүйгээр мэргэжлийн багш нараар заалгаж байгаа юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ