М.Оюунчимэг: Агаарын бохирдлыг бууруулахад орж ирэх хөрөнгийн зарцуулалтыг шилэн болгох хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-13 13:41:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр Төрийн ордонд намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, хэвлэлийн бага хурал хийлээ.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг энэ үеэр, “Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж байгаа хөрөнгө мөнгө хяналтгүйгээр явж ирсэн. Өөрөөр хэлбэл, нийт 200 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан ч утаа буурсангүй. Иймд утаатай дорвитой тэмцэх чиглэлд анхаарч ажиллалаа. Тиймээс өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд батлан гаргасан тогтоолын биелэлтийг хянах, гэр хорооллын айл өрх, албан байгууллагуудаар орж нөхцөл байдалтай биечлэн танилцах, цэцэрлэг сургууль, хүүхдийн тасагт агаар шүүгч нийлүүлэх, агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх зэрэг шийдвэрүүдэд оролцоотой ажилласан. Цаашид агаарын бохирдлыг бууруулах хүрээнд орж ирэх хөрөнгийг нэгдсэн байдлаар төсөвлөж, зарцуулалтыг ил тод болгох нь зүйтэй хэмээн үзэж шаардлагатай алхамуудыг хийсэн. Үүний зэрэгцээ утаатай тэмцэх үүрэг хүлээсэн нэгж байгуулж, алдаа дутагдал гарсан тохиолдолд хариуцлагыг тооцдог байх ёстой гэдэг саналаа удаа дараа гаргаж ажилласан" хэмээн ярьлаа.

Мөн иргэдээс Хувь хүний орлогын албан татварыг буулгах, тэтгэврийн насыг бууруулахтай холбоотой өргөдөл цөөнгүй ирсэн тул тэдгээр шийдвэрийг эргэж харахыг хүссэн албан бичгийг салбарын сайдуудад хүргүүлж Засгийн газартай хамтарч ажилласан байна. Ахмад настнуудаас ахмадын болон түрээсийн орон сууцны асуудлаар нэлээдгүй ханддаг тул хэлэлцүүлэг зохион байгуулсан аж. Ингэхэд тэрхүү орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулахад журам нь өндөр босготой, сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл хомс зэрэг асуудал урган гарсан байна. Тиймээс энэ хүрээнд ажлын хэсэг гарч, ахмадын болон түрээсийн орон сууцны асуудал дээр эргэлт гаргахаар ажиллаж байгаа гэдгээ байнгын хорооны дарга хэллээ.

Тус байнгын хороонд намрын чуулганы хугацаанд 250 өргөдөл хүлээн авснаас 196-г нь шийдвэрлэсэн бол үлдсэн өргөдлийг хянаж байгаа аж.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
 

Холбоотой мэдээ