Хүүхдийн уран зохиолын илтгэлийн уралдаанд МУИС-ийн оюутан тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-23 15:14:31

МУИС-ийн ШУС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн хүүхдийн уран зохиолын багш Д.Батжаргалын санаачилгаар их зохиолч  Д.Нацагдоржийн мэндэлсний 109 жилийг тохиолдуулан “XXI зууны хүүхдийн уран зохиол” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Тус хуралд МУИС, МУБИС, СУИС, “Чингис хаан” дээд сургууль, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн 21 оюутан өөрийн илтгэлээ танилцуулав.

Илтгэлийн уралдаанд МУИС-ийн Утга зохиолын судлалын IV курсийн оюутан Н.Анхбаяр “Хүүхдийн зохиолч Н.Энхтайваны уран бүтээлийг задлан шинжлэх нь” илтгэлээрээ тэргүүн байр эзэллээ.

Удаах байруудыг МУБИС-ийн оюутан Б.Баасантуяа “12 жилийн магтаалын хувилбарууд, түүний харьцуулал”, МУИС-ийн Утга зохиолын ажилтны III курсийн оюутан Б.Мөнхцэцэг  “2010-2015 оны хүүхдийн комик сэтгүүлийн чанар, хэл найруулга”, “Гурван эрдэнэ” багшийн дээд сургуулийн оюутан Э.Баттөмөр  “Орчин үеийн үлгэрийн онцлог”, О.Сундуй “Хүүхэлдэйн чинээ ээж” үлгэрийн жишээн дээр илтгэлээрээ эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал,  нэрт судлаач С.Лувсанвандангийн “Бүтээлийн чуулган” 12 боть, Японы зохиолч Акүтагава Рюүнсүкэгийн “Бурхдын инээмсэглэл” номын эзэд болов.

Энэ үеэр хүүхдийн зохиолчид сэтгэгдлээ хуваалцаж, энэ хурал өмнөх жилүүдээсээ илүү өргөн  хүрээг хамарч оюутнуудын илтгэх чадвар ахисан байна хэмээн, МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын Үндэсний төвийн тэргүүн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч О.Сундуй “Бидний уран бүтээлийн зогсонги байдлыг зөв зүйтэй шүүмжилж, шинээр бодох сэтгэхэд “тэсрэлт хийсэн” хурал боллоо” хэмээн дүгнэсэн юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ