Хятад улс сүүлийн 5 жилийн хугацаанд 66 сая гаруй ажлын байр бий болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-12 11:38:35
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улс сүүлийн таван жилийн хугацаанд хот суурин газарт 66 сая гаруй ажлын байр бий болгосон байна гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.
 
Хятад улсын Хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын сайд Инь Вэйминийн мэдэгдсэнээр, сүүлийн таван жилийн хугацаанд тус улсад коллеж төгсөгчдийн 90 хувь нь ажлын байраар хангагдсан гэнэ.

2017 оны эцэс гэхэд тус улсын хот суурин газруудад ажилгүйдлийн түвшин 3.9 хувьтай байсан нь 2002 оноос хойших хамгийн доод үзүүлэлт ажээ. 2013-2017 онд тус улс жилд дунджаар 13 сая гаруй ажлын байр бий болгосон байна.

Хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангахын тулд Хятад улс их дээд сургууль төгсөгчид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон цагаач ажилчдыг ажлын байраар хангах багц болдлого боловсруулан хэрэгжүүлж байгаа аж. Сайд Инь Вэйминь хэлэхдээ “2018 онд илүү олон хүнийг ажлын байраар хангахын тулд бид хөдөлмөр эрхлэлт болоод аж ахуйн нэгжүүдийн бодлогуудаа илүү сайжруулах болно” гэжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ