Таксины жолоочийг хөнөөгчдийн шүүх хурал хойшиллоо

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-11-23 14:15:39

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг Улаанчулуутын хогийн цэгийн нутаг дэвсгэрт өнгөрөгч 2 дугаар сарын 6-ны өглөө таксины жолоочийг хутгалсан хэрэг гарсан  юм. Хохирогч залууг ГССҮТ-д хүргэсэн боловч шархаа даалгүй амиа алдсан.

Энэхүү хэргийн сэжигтнээр 1990 онд төрсөн Э, 1993 онд төрсөн А нар шунахайн сэдлээр үйлдсэнээ анхны мэдүүлгээр хүлээгээд байв. Тэд Улаанчулуутын хогийн цэгт хүргүүлэхдээ таксины жолоочтой маргалдан, хүзүүнд нь хутга тулган сүрдүүлэхдээ хүзүүг нь хэрчиж, цээж хэвлийг нь мөн хүйтэн мэсээр гэмтээгээд машиныг нь аваад зугтаажээ.

Уг  хэргийг үйлдсэн гэх Э нь хорих ангид саатуулагдаж байгаа бол А нь гадуур байцаагдаж байгаа аж. Өнөөдөр тэднийг шүүх хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч өмгөөлөгчийн шүүх хурал давхардсан тул хурлыг ирэх сарын 14-н өдөр хүртэл хойшлуулсан байна. 

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ