Ж.Батболд:Монголчууддаа хэлэх юмсан гэж бодож явдгаа бүтээлдээ тусгасан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-31 16:06:02
Ховд/МОНЦАМЭ/  "Муухай монгол хүн” номын зохиогч судлаач докторант  Ж.Батболдтой ярилцлаа .
Би одоогоос таван жилийн өмнө Тайваны зохиолч Бо Яны бичсэн “Муухай хятад хүн” номыг орчуулж нийтийн хүртээл болгож байлаа. Тэр цагаас эхлэн ”Муухай монгол хүн” ном бичихээр судалгааны ажлаа эхлүүлсэн. Номоо бичиж байхдаа маш олон хүнтэй уулзаж, чамалхааргүй цаг хугацааг зарцуулсан хэмээн ярьсан юм.

-“Муухай монгол ном” бичих санаа хэрхэн төрөв?
-Би одоогоос таван жилийн өмнө Тайваны зохиолч Бо Яны бичсэн “Муухай хятад хүн” номыг орчуулж нийтийн хүртээл болгож байлаа. Тэр цагаас эхлэн ”Муухай монгол хүн” ном бичихээр судалгааны ажлаа эхлүүлсэн. Номоо бичиж байхдаа маш олон хүнтэй уулзаж, чамлахааргүй цаг хугацааг зарцуулсан. Аль болох монгол хүн, монгол эх орныхоо өнөөгийн нөхцөл байдал ирээдүйн төлөө сэтгэлээ чилээж явдаг олон хүний “Монголчууддаа хэлэх юмсан” гэж бодож  явдаг зүйлийг бүтээлдэээ тусгахыг хичээсэн, тэр бодол минь ч биеллээ олсон.
-Цаг үеэ олсон сонирхолтой бүтээл санагдаж байна. “Муухай монгол хүн” номын агуулгыг уншигчдад танилцуулахгүй юу?
-Уг бүтээлд 30 гаруй “Муухай монгол хүний тухай бичигдсэн. Тухайлбал, “Бусдын мууд дуртай монгол”, “Гэм хүлээдэггүй монгол”, “Үнэнд өстэй монгол”, “Атаархуу монгол”, "Хоцордог монгол”, “Маргааштай монгол”, “Ямбанд дуртай монгол”, “Шагналд дуртай монгол", “Хөөрүү монгол”, “Тэжээвэр монгол”, “Ойлгомжгүй монгол” гэх мэт. Энгийн үг хэллэгээр, ойлгомжтой, товч тодорхой бичигдсэн учраас аль ч насныханд тааламжтай уншигдана гэдэгт итгэлтэй  байна.
-“Муухай монгол хүн” ном нийгэмд ямар өөрчлөлт бий болгоосой гэж хүсэж байна?.
-Өнөөдөр Монгол Улс нэг бол уруудах, үгүй бол ухаарч сэхэх салаа замын уулзварт байна. Бүтээлийн зорилго нэн тодорхой. Монгол хүн хэн болж өөрчлөгдөж буйг, хэн болж өөрчлөгдөж болохгүйг сануулахыг ойлгуулахыг  хичээсэн. Эх орон, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө монгол хүн бүр өөрчлөгдөж, Монгол оронд минь “Муухай монгол  хүн” нэг ч бүү байгаасай л гэж туйлын их хүсэж байна.  
-“Муухай монгол хүн” ном “Муухай хятад хүн”, ”Муухай япон хүн”, Муухай америк хүн зэрэг номноос  юугаараа онцлог вэ?
-“Муухай хятад хүн” ”Муухай япон хүн”, “Муухай америк хүн” зэрэг бүтээлүүд үндэстнийхээ хөгжил дэвшилд саад болж буй зан чанар, алдаа дутагдлаа бүрэн оношилж, ард түмнээ соён гэгээрүүлэхэд чиглэсэн байдаг. “Муухай монгол хүн” дээрх зохиолуудаас зохиогчийн үзэл бодол гэхээсээ илүү бодит  судалагаа, үйл явдал, жишээ баримтад тулгуурлан бичигдснээрээ онцлог.
-“Муухай монгол хүн”-ээс Монгол Улсын хөгжилд учруулж болох аюул заналын тухай асуумаар байна.
-Хэрэв та анзаарч байсан бол асуултын хариултууд бидний өдөр тутмын амьдрал дээр алхам бүрт тааралддаг. Хамгийн энгийн жишээ гэхэд л өнөөдрийн монголд бүтэн нэртэй хүн ховордсон.  Болж өгвөл нэгнээ муулах доош нь хийх санаа бодолтой хүмүүс олширсон. Энэ нь хүмүүс хоорондын харилцааны сөрөг хандлага мэт боловч цөөхөн монголчуудын эв нэгдлийг үгүй хийхэд асар их хор хохиролтой зан чанар гэж боддог. Монголчууд цаг барьдаггүй, бүх зүйлийг маргааш гэж хойшлуулдаг. Ийм байдлаар  хөгждөггүй, бүтээдэггүй үе үеийн монголчуудын амьдрал дууссан. Дээр нь бэлэнчлэх сэтгэлгээтэй. Гадны зээл тусламж, хөрөнгө оруулалт, тэнгэр бурхны ивээлээр мухардмал байдлаасаа гарчихна гэж нийтээрээ бодож, хүсэн хүлээж байна. Хэдий болтол ингэж амьдрах юм бэ? Мөн эрх мэдэл, албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахааргүй шунаж байна. Манжид эзлэгдэхийн өмнөх монгол ноёд л ийм байсан байх гэж бодогдохоор. Мөн төрийн албанд танилтай, мөнгөтэй бол хэн ч байсан төрийн өндөр албан тушаалд залардаг жишиг тогтлоо шүү дээ. Энэ нь нөхцөл байдал гадаадын зарим улс оронд манай улсын төрд өөрсдийн гар хөлөө ямар ч саадгүй шургуулж, нөлөөллийн бодлого арга хэмжээ хэрэгжүүлэх таатай боломжийг бүрдүүлж байна гэж хардаг.
-“Муухай хятад ном” манайд орчуулагдан хэвлэгдэж уншигчдын хүртээл болсон. Тэгвэл “Муухай монгол хүн” бусад хэлээр хэвлэгдэх үү?
-Буриад, Халимагаас орос хэлээр хэвлүүлж уншигчдын хүртээл болгооч гэсэн санал ирсэн. Бэлтгэл ажил хийж байна. Мөн монгол бичгээр хөврүүлж Өвөрмонголын Өөртөө Засах орны  номын зах зээлд гаргах төлөвлөгөө бий.
                                                                                                                                          А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ