Орчин үеийн урлагаар дамжуулан өнөөгийн Монголыг дэлхийд таниулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2018-01-30 16:05:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн урлаг, уран бүтээлчдийн олон улсад өрсөлдөх чадвар болон орчин үеийн урлагаар дамжуулан Монгол Улсыг дэлхийд сурталчлахад төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа зэрэг асуудлыг өргөн цар хүрээтэй авч хэлэлцэж байна. 

Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улс гадаад сурталчилгаа-Орчин үеийн урлаг” сэдэвт ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болов. Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, ДБЭТ, УДЭТ, СУИС зэрэг төрийн байгууллагаас гадна Монголын урлагийн зөвлөл, “Монголын урчуудын эвлэл”, “Орчин үеийн урлагийг дэмжих холбоо”, “Монголын кино урлагийн зөвлөл” зэрэг ТББ болон МСS групп, “Оюутолгой” ХХК, Хаан банк, Петровис ХХК, Содмонгол ХХК зэрэг урлагийг дэмжигч бизнесийн байгууллагуудын 120 орчим төлөөлөл оролцож байгаа юм.

Хэлэлцүүлгийг нээж, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг үг хэлсэн бөгөөд "Өнөөдрийн хэлэлцүүлгээр орчин үеийн урлагийн Монгол Улсын гадаад сурталчилгаанд эзлэх хувь, орчин үеийн урлагаар дамжуулан өнөөг цагийн Монголыг хэрхэн таниулах талаар ярилцах нь гол зорилго. Хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөлөл идэвхтэй оролцож байгааг харахад цуглаж ярилцах цаг болсон байна гэж бодогдож байна. Хамгийн чухал нь бид орчин үеийн урлагаар дэлхийд улсаа сурталчилж байгаа хүмүүсийнхээ мэдээллээ нэгтгэх, үүнээс улбаалаад гадаад сурталчилгааны нэгдсэн нэг бодлоготой уялдуулж явах шаардлагатай байна" хэмээв. 

Дээрх зорилгын хүрээнд "Монголын орчин үеийн урлагийн өнөөгийн байдал, цаашид зорилт", "Монголын орчин үеийн урлагийн салбаруудын шилдэг туршлагууд", "Олон улс дахь Монголын орчин үеийн урлагийн нэр хүнд, өрсөлдөх чадамж", "Орчин үеийн урлагийн дэлхийн чиг хандлага, анхаарах асуудлууд", "Баялаг бүтээгчид хоорондын харилцаа, хамтын ажиллагаа" гэсэн үндсэн сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлж байна.



Хэлэлцүүлгийн эхний хэсэгт Монголын орчин үеийн урлагт багтаж буй дүрслэх урлаг, хөгжмийн урлаг, утга зохиол яруу найргийг олон улсад хэрхэн сурталчлах боломж, гарцийн талаар ярилцав. Эдгээр салбарын уран бүтээлчид олон улсад өөрсдийн хэмжээгээр бүтээлээ гарган, таниулан ажиллаж байгаа ч улам чадавхжуулах, олон улсын байгууллагуудын гишүүн болох зэрэг хэд хэдэн тулгамдсан шаардлага байгаа аж. Тухайлбал Монголын утга зохиол, яруу найргийн салбараас гадаад улсад хэвлэгдэн, амжилттай яваа бүтээлүүдийг Тагтаа паблишинг ХХК-ийн үүсгэн байгуулагч, яруу найрагч Б.Баясгалан танилцууллаа. Ш.Галсан гуай 1982 оноос хойш 16 номоо Герман хэлээр орчуулан хэвлүүлсэн бөгөөд олон алдартай шагналыг хүртэж байжээ. Шинэ үеийн уран зохиолын төлөөлөл Г.Аюурзаны “Бөөгийн домог” роман орос, солонгос, франц хэлнээ хэвлэгдсэн, “Цасны роман” тууж нь Японы сонин, сэтгүүлд цувралаар нийтлэгдсэн бол Л.Өлзийтөгсийн “Аквариум” өгүүллэгийн түүвэр нь франц хэлнээ, “Ганцаардлын дасгалууд”яруу найргийн түүвэр нь хятад хэлнээ хэвлэгдсэн байна. Үндэсний уран зохиолоо гадаад улсад түгээн сурталчлахад улсын бодлого зайлшгүй шаардлагатай бөгөөд орчуулгад хувь хүн бус редакци ажилладаг байх, Хэвлэлийн нэгдсэн агентлагтай болох, Хэвлэлийн олон улсын байгууллагуудад нэгдэн гишүүнээр элсэх гэх мэт ажил хийх хэрэгтэйг Б.Баясгалан хэлж байв.

Хуралдааны сэдэвтэй холбогдуулан орчин үеийн урлагийн салбарын төлөөллүүд хүрэлцэн ирж, хэлэлцүүлэг өрнүүлж, саналаа хэлсэн юм. Тухайлбал, ОХУ-ын Санкт-Петербург хотноо А.Я.Вагановын нэрэмжит Балетын академийн төгсөгч, МУГЖ, балетчин Х.Гэрэлчимэг “Орчин үеийн бүжгийн урлагийг цаашид хөгжүүлэх контенпорари бүжиг дэглээч нэн шаардлагатай байна” гэсэн бол “Famous men” нэртэй богино хэмжээний цомог нь дотоод гадаадын нэр хүндтэй цахим хуудсуудад өндрөөр үнэлэгдсэн, АНУ-ын nerdist.com-д 7-р сарын Шилдэг цомог-оор нэрлэгдсэн Магнолиан буюу Б.Дөлгөөн "Уран бүтээлчид олон улсын фестивалиудад оролцож, туршлага судлах нь чухал. Ингэж чадвал олон улсын зах зээлд гарах нэг алхам болно" гэсэн санал хэлж байв. Мөн “Чингис хаан”, “Хадаг”, “Алсын удирдлага” зэрэг дэлгэцийн шилдэг бүтээлүүдээр танигдсан кино судлаач, продюсер Б.Түмэн-Өлзий, “Коттон кэнди” компанийн үүсгэн байгуулагч, Франкфурт дахь “Монголиан Степ” соёл, урлагийн агентлагийн Монгол дахь төлөөлөгч, Гэрэг фэйшн сэтгүүлийн эрхлэгч, хөгжимчин З.Энхмөнх, Монголын үндэсний циркийн захирал Х.Пүрэвбадам нар оролцлоо.  

Хэлэлцүүлгээр Монголын уран бүтээлчдийн олон улсад өрсөлдөх чадвар болон орчин үеийн урлагаар дамжуулан Монгол Улсыг дэлхийд сурталчлах, монгол хүний үнэ цэнийг өсгөхөд төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа зэрэг асуудлаар өргөн хүрээнд нээлттэй санал солилцлоо. Мөн “Венецийн Биенналь”, “Документа” зэрэг олон улсын өндөр зэрэглэлийн олон улсын үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид оролцсон талаарх мэдээллийг өгч, цаашид дээрх төрлийн үзэсгэлэнгүүдэд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, чанаржуулах тухай асуудлаар нээлттэй хэлэлцэж, санал бодлоо солилцсон бөгөөд хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна.

Н.Гантуяа
Холбоотой мэдээ