Аймгийн нөөц дэх өвс, тэжээлийг малчдад тарааж дуусч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-30 12:26:23
Архангай /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай Засгийн газрын 186 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 02 тоот албан даалгаврыг гарган хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн нөөцийн өвсийг Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Батцэнгэл, Хашаат, Өгийнуур сумдад тээвэрлэн байршуулж, малчдад тарааж дуусч байна гэдгийн аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Архангай аймгийн нөөцөд 500 тонн өвс бэлтгэснээс 360 тонн өвсийг Дорнод аймгийн Сэргэлэн сумаас, үлдсэн 140 тонн өвсийг орон нутгаас бүрдүүлсэн байдаг. Мөн 100 тонн тэжээл бэлтгэсэн юм. Харин 19 сумын нөөцдөө 1900 тн өвс, 570 тн тэжээл бэлтгэсэн байна. 
Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад зориулж Засгийн газраас олгосон 400.0 сая төгрөгийг аймгийн ИТХ-ын хурлаар хэлэлцэн Засаг даргын нөөцөд төвлөрүүлж зарцуулжээ. Энэ мөнгөнөөс Дорнод аймгаас өвс татахад 71 сая 250.000, 100 тн тэжээл бэлтгэхэд 60 сая, 2914 боодол өвс авахад 20 сая 898.000, малчдад төрийн үйлчилгээ үзүүлэхэд сум бүрт 3 сая төгрөгийг, Чулуут суманд гарсан малын боом өвчний нөхөн төлбөрт 27 сая төгрөгийн тус тус зарцуулсан байна. Өнөөдрийн байдлаар 163 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ