Авлигын хэргээр баривчлагдсан Саудын Аравийн тэрбумтан хунтайж суллагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-01-29 14:02:33
ЭР-РИЯД. /Эн-Эйч-Кэй/. Авлигын хэрэгт холбогдон баривчлагдсан Саудын Аравийн тэрбумтан хунтайж суллагдсан тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, хунтайж Алвалид бин Талал тансаг зэрэглэлийн зочид буудалд бараг гурван сар хоригдсоны эцэст өнгөрсөн бямба гарагт суллагдсан байна. Алвалид бин Талал нь өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн авлигатай тэмцэх кампанит ажлын явцад баривчлагдсан Саудын Аравийн хунтайж, алдартай бизнес эрхлэгчдийн нэг юм. Тэдний зарим нь хэргээ хүлээн хөрөнгө мөнгөнийхөө тодорхой хувийг улсад хураалгаснаар суллагдсан билээ.

Харин хунтайж Алвалид суллагдсаныхаа дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Би ямар ч гэм зэмгүй хүн. Суллагдах гэж юу ч өгөөгүй” гэжээ. Гэхдээ түүнийг яагаад суллах болсныг тэрбээр хэлээгүй байна.

Хунтайж Алвалид нь дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээнүүдийн нэг болох “Твиттер” болон томоохон банк санхүүгийн байгууллагуудын хувьцаа эзэмшигч аж. Тэрбээр 17 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэнэ. Түүнийг чухам ямар учраас суллах болсон нь ажиглагчдын анхаарлыг ихэд татаж байна.

Нөлөө бүхий бизнес эрхлэгчдийг баривчлан саатуулсантай холбоотойгоор Саудын Аравиас хөрөнгө оруулагчид үргэхэд хүрч байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм. Тус улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдыг эргэн татахын тулд хунтайж нарыг суллаж байж магадгүй юм гэж ажиглагчдын зарим нь үзэж байна.
 
Г.Доржханд


 
Холбоотой мэдээ