Аймгийн МАН-ын 28 дугаар Бага хурал хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-28 19:08:22
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн МАН-ын 28 дугаар Бага хурал энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Баянхонгор хотноо боллоо. Бага хуралд Баянхонгор аймгийн МАН-ын 20 сум, 104 багаас сонгогдсон 309 төлөөлөгч оролцов.
28 дугаар бага хурлыг нээж Баянхонгор аймгийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хэлсэн үгэндээ “Тэртээх 1941 онд аймаг байгуулагдсан цаг үетэй зэрэгцэн Баянхонгор аймгийн МАН-ын хороо албан ёсоор өрхөө татаж, үүдээ нээж түүхээ эхлүүлсэн байдаг. МАН-аар нэгдсэн бидний замнал дардан байгаагүй ч ололт ихтэй, амжилт арвинтай, хөгжил дэвшлээр дүүрэн байсаар эдүгээ цагтайгаа учран золгоод байгаа билээ. Баянхонгор аймгийн МАН-ын хороо 2016 оны сонгуульд ялалт байгуулахын төлөө бүхий л боломжоо дайчлан гишүүн бүр, идэвхтэн сонгуультан бүр нэгэн зорилго дор ажиллаж УИХ-ын болон орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан явдал бол та бүхний хичээнгүй зүтгэлийн үр дүн байсанд гүн талархал илэрхийлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд юун дээр алдсанаа бид нухацтай дүгнэлт хийж ирэх 2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одооноос эрч хүчтэй, илүү тактиктай бэлтгэж, намынхаа 100 жилийн ойг дүүрэн ялалт байгуулсан амжилттай тэмдэглэх нь юу юунаас чухал байна” гэдгийг онцоллоо.
Мөн Баянхонгор аймгийн МАН-ын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд намын 28 дугаар бага хурлын үеэр аймгийн Засаг дарга бөгөөд МАН-ын хорооны орон тооны дэд даргаар ажиллаж буй Гончигдоржийн Батжаргалыг намын даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлсэн юм.
Ийнхүү бага хурал бүтэц зохион байгуулалтын асуудлаа амжилттай авч хэлэлцэн намын даргаар аймгийн Засаг дарга Г.Батжаргал, намын орон тооны дэд даргаар Г.Энхбаяр нар томилогдож, 17 тэргүүлэгч шинээр сонгогдож, 145 гишүүнтэйгээр намын хороо шинэчлэгдэн байгуулагдсанаар Баянхонгор аймгийн МАН-ын 28-р бага хурал өндөрлөлөө.
Сонирхуулахад, 2016 оны бүх шатны сонгуульд аймгийн МАН-ын хороо ялалт байгуулж УИХ-ын 7, 8, 9 дүгээр тойргийн нэр дэвшигчдээ УИХ-д илгээж, орон нутгийн хөгжил дэвшлийг гардан явуулах 25 төлөөлөгч аймгийн иргэдийн хуралд сонгогджээ.
                                                                                                                            Б.Мөнхзул
Холбоотой мэдээ