“Үндсэн хууль” гэдэг бол даруухан хэр нь хамгийн оновчтой, зарчимтай нэр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДМонгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар ид өрнөж байгаа энэ үед зарим иргэний санаа бодлыг сонслоо. Энэ удаад сэтгүүлчийн асуултад дорнод аймгийн засаг дарга асан л.сүхбаатар хариулав.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн нэгдүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуулийг “Эх хууль” гэж нэрлэсүгэй хэмээн өөрчлөх гэж байна. Энэ нэрийн тухайд та ямар бодолтой байна.
-Хуулийн нэрийг өөрчилсөнөөр агуулга нь сайжирна гэсэн ойлголт байхгүй. Үндсэн хууль гэдэг бол оновчтой, зарчимтай нэр. Эх хуулийн дараа эцэг хууль гэж гарах уу? Үндсэн хуулийн цэцийг эх хуулийн эцгүүд гэх үү? Ингэж хуулийн нэр томъёогоор тоглох нь хэнд ч ашиггүй, цаг цаас, тамга тэмдэгнээс эхлээд хоосон гарз л болно. Ер нь өөрчлөхийн тулд өөрчилнө гэж санаагаараа савах нь тэнэг хэрэг. “Эдээрээ оролдвол эвдэхийн шинж, эхнэрээрээ оролдвол салахын шинж” гэдэг байхаа. Дахиад хэлье “Үндсэн хууль” гэдэг бол даруухан хэрнээ хамгийн оновчтой, зарчимтай нэр.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмэгдүүлэхээр тусгасан тухайд таны бодол?
-76-ийн гайг дарж чадаагүй байхад 99 мангас амилбал монголчууд харин нэг хэсэг өөд нар харахгүй шүү. Улс орны эдийн засаг элгээрээ хэвтчихээд, гадаад өр 23 тэрбум доллар буюу өлгийтэй нялхсаас өвгөд хөгшдөө хүртэл толгой дараалаад 15-20 сая төгрөгийн өртэй болчихоод байхад хэмнэж гамнахын оронд нэмж олон болж иднэ гэж юу гэсэн үг вэ? Үнэндээ тэр их мөнгө ард түмэнд наалдаагүй, ард түмэн үрээгүй шүү. 99 болгох нь бүү хэл 76 цөөлж 20 аймгаас тус бүр 2, Говьсүмбэр 10000 хүрэхгүй сонгогчтой тул 1 хүн, УБ хотын 10 дүүргээс тус бүр 2 хүн нийт 61 гишүүнтэй болгобол хэмнэгдсэн 15 гишүүний жилийн төсвөөр өчнөөн мянган хүүхдийн эмнэлэг, сургууль байгуулж болохоор байна. Хуралдаа суудаггүй гишүүдийн ирцийг нөхөх гэж ард түмэн мөнгөө шавхаж өгөх нь бүү хэл хурлаа тасласан тохиолдолд эргүүлж татдаг заалтыг УИХ-ын хуульд тусгаж өгмөөр байна. Ер нь чадваргүй олон дурак байхаас цөөхөн ч гэсэн ухаантай, сэтгэлтэй, зүтгэлтэй, чадвартай хүмүүс л байвал улс эх оронд хэрэгтэй шийдвэр гаргаж чадна.
- УИХ, Засгийн газар, орон нутгийн ИТХ, ЗД-ын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох гэж буй талаар...?
-Юм хийе, бүтээе гэсэн хүнд 4 жил бага хугацаа биш. Хугацаа сунгаснаар тайвшрал ихсэж, хөгжил удааширна. Нөгөө талаар өнөөдрийн сонгогчдын боловсрол, ухамсрын түвшин, өгөөшинд амархан хууртаж мэдэх сэтгэл зүйн нөхцөл байдлаар бол 2016 оны бүх шатны сонгуульд одоогоос ч долоон дор болох юмуу эсвэл өнөөдрийн байгаа үл бүтэх нөхдүүд эргээд сонгогдоход болзошгүй зэргээс үүдээд хугацааг 5 жил болгон сунгах нь буруу. Ард түмний хариуцлага тооцох, сонголт хийх хугацаа ойрхон байсны буруу гэж байхгүй ээ. Төрийн ажил тасралтгүй явдгаараа л явах ёстой.
- Засгийн газрыг 9 яамтай байх талаар таны бодол?
-Аливаа улс орон аж үйлдвэржиж байж хөгжинө. Хүнд, хөнгөн аж үйлдвэр, ЖДҮ-ийг хариуцах Яам алга байна. Мөн Дэд бүтцийн Яаманд эрчим хүч, уул уурхай, барилга, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо зэрэг том салбаруудыг хэт их төвлөрүүлэхээр болгожээ. Үүний оронд Байгаль орчны Яамыг татан буулгаж, байгаль орчны хяналтыг нь Мэргэжлийн хяналтын газарт бүрэн шилжүүлэх, харин Аж үйлдвэрийн яамыг шинээр байгуулж нүүрсний уурхайгаас бусад уул уурхайн олборлох, боловсруулах болон бүхий л хүнд хөнгөн үйлдвэрүүдийн асуудлыг хариуцуулах нь зүйтэй. Бусад салбаруудыг яамдуудад тэгш жигд хувиарлаж өгч болноо. Дашрамд хэлэхэд өнөөдөр Татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газартай нэгтгэж байгаа нь туйлын буруу. Гаалийн зорилго бол орлого олохдоо гол биш, ёстой буяныг гадагш нь гаргахгүй, бузрыг дотогш алхуулахгүй байх гол зорилготой. Гаалийн байцаагч татварын орлогын хойноос хөөцөлдөөд эхлэвэл гол үүрэг нь суларч, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учирна.
Б.Туяа