Венесуэл Испанийн Элчин сайдыг хөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-26 14:04:19
КАРАКАС. /Би-Би-Си/. Венесуэл улс Испанийн Элчин сайд Жесүс Сильва Фернандесыг дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон гэх шалтгаанаар улс орноосоо хөөлөө гэж “Би-Би-Си” телевиз мэдээлэв.

Үүнтэй холбогдуулан Испанийн тал мэдэгдэл хийхдээ “Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон юм байхгүй. Манай улс ч Венесуэлд адилхан хариу барих болно” гэжээ.

Европын Холбоо саяхан Венесуэлийн нөлөө бүхий албаны хүмүүсийг Европын улсууд руу нэвтрэхийг хориглож, тэдний хөрөнгийг битүүмжилсний дараа дээрх мэдээлэл гарлаа.

Өөрийг нь түлхэн унагаахын тулд ЕХ-г ятган Венесэулийн албаны хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авахуулсан гэж Испанийг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро буруушааж байгаа юм.

“Империалист аюул заналхийлэл”

Өнгөрсөн онд Венесуэлд болсон засгийн газрын эсрэг жагсаалтын үеэр 120 гаруй хүн амиа алдсан юм. Үүний улмаас "эсэргүүцлийн жагсаалын үеэр хүний эрхийг ноцтой зөрчиж, хүч хэрэглэсэн" гэх шалтгаанаар ЕХ Венесуэлийн албаны хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авсан байна.

ЕХ-ны хориг арга хэмжээтэй холбогдуулан энэ долоо хоногийн мягмар гарагт Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблей ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуулийг дөрөвдүгээр сард хийхээ зарласан юм.

Венесуэлийн төрийн тэргүүнээр дахин зургаан жил ажиллахыг хүсэж буй Н.Мадуро өчигдөр мэдэгдэл хийхдээ “Венесуэлийн эсрэг империалистуудын аюул заналхийллийг дарах цаг нь болсон байна. Тиймээс товлосны дагуу 12 дугаар сард хийх ёстой байсан ерөнхийлөгчийн сонгуулийг наашлууллаа. Венесуэлийн хувь заяаг хэрхэхийг АНУ-ын Дональд Трампаар, Испанийн Мариано Рахойгоор шийдүүлэхгүй. Венесуэлийн ард түмэн өөрсдийн сонгосон замаар явах болно” гэжээ.



Венесуэл нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үүний дотор эм тарианы хомсдолд орж, инфляц нь 700 хувиас даваад байгаа билээ. Тус улс ингэж эдийн засгийн гүн хямралд орох болсонд Испани болон АНУ тэргүүтэй империалистууд буруутай гэж Н.Мадуро үзэж байна.

Өнгөрсөн сард Венесуэл нь Бразиль болон Канадын Элчин сайд нарыг мөн “Дотоод асуудалд хөндлөнгөөс оролцлоо” гэх шалтгаанаар хөөсөн юм. Үүний хариуд Бразиль болон Канад Венесуэлийн Элчин сайдыг хөөсөн билээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ