Эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 15:31:10

Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сарын 1920 төгрөг болон нэмэгдэнэ. Иймд Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй болон олон жилээр төлөөгүй иргэд энэ ондоо багтааж төлөх шаардлагатай гэнэ.

Орхон аймагт 100 мянга гаруй иргэн Эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Иргэн нь уг даатгалд хамрагдсанаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Гэвч энэ эрхээ хангалттай эдэлж чаддаггүй гэж иргэд гомдоллодог. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулиар өөрөө авах тусламж үйлчилгээгээ гэр бүлийн гишүүндээ шилжүүлэх боломжтой болж байгаа юм. Даатгуулагч нь жилд 1 сая 800 мянган  төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авна. Орхон аймагт хувийн хэвшлийн долоо, эмийн сан 16, БОЭТ, “Эрдэнэт сувилал” цогцолбороор дамжуулан дээрх хөнгөлөлтөө эдэлж болно.  Эдгээр байгууллагад Эрүүл мэндийн даатгалаас олгодог санхүүжилт өнгөрсөн жил нэг тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал, 4.7 тэрбум төгрөг болжээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулиар ирэх оноос оюутнууд шимтгэлээ өөрсдөө төлнө. Мөн ажил хийдэг иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувь буюу 3840 төгрөг сар бүр төлнө. Өнөөдрийн байдлаар даатгуулагч нь сард 670 жилд 8040 төгрөг төлж байна. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ