Хорихоос суллагдсан орон гэргүй иргэнд 1,2 сая төгрөгийн тусламж өгдөг

ОРОН НУТАГТ | Орхон
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 13:49:03

Өршөөлийн хуулиар хорихоос суллагдсан иргэд нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдана. Саяхан батлагдсан уг хуулиар Орхон аймгийн 65 иргэн суллагдсан. Тэдний дөрөв нь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст гэр хүссэн өргөдлөө өгчээ.

Тодруулбал, орон гэргүй, нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэдэд  нэг удаа нэг сая 200 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгодог байна. Иймд хорихоос суллагдсан иргэдийн мэдээллийг Цагдаагийн газар, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс хамтран шалгадаг.

Мөн суллагдсан иргэд нь олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжтой юм. Энэ үйлчилгээг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллагуудтай хамтран гэрээний үндсэн дээр хийдэг ажээ. Тухайлбал, орон гэргүй иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байраар хангах, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх зэрэг олон арга хэмжээ авдаг байна.

Орхон аймагт хорихоос суллагдсан 15-20 иргэн дээрх үйлчилгээний аль нэгийг нь эдэлдэг ажээ. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ