Энэ онд 15-39 насны иргэдийг элэгний өвчлөлийн эрт илрүүлэг үзлэгт хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-19 16:05:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд “Элэг бүтэн-Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх  мэдээлэл хийлээ.

Тэрбээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж буй элэгний С вирусын халдварын голомтыг 2020 он гэхэд устгаж, элэгний хорт хавдрыг эрт илрүүлж, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр эх орондоо хийх зорилготой “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгааг тодотгов.

Тэрбээр цааш хэлэхдээ, "Хөтөлбөрийн эхний шатанд эрсдэлт бүлгийн хүн ам болох 40-65 насны иргэдийг хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд, вирусийн халдвартай хүмүүсийг эмчилгээнд хамрууллаа. Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах журам” боловсруулж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор хепатитийн В, С вирусийн шинжилгээ, С вирусийн идэвхжлийг тогтоох шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн. Өрх, сумын эрүүл мэндийн төвд хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээг, сонгон шалгаруулалтад тэнцсэн 22 лабораторид С вирусийн идэвхжлийг тодорхойлох шинжилгээг тус тус хийсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас С вирусийн таван нэрийн эмийг хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр, нэг курс эмчилгээний зардлыг үргэлжлэх хугацаанаас хамааран 630 мянгаас нэг сая 260 мянган төгрөгөөр хямдруулан олгож байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас шинжилгээний зардалд 6,3 тэрбум төгрөг, С вирусийн эмчилгээний зардалд 9,6 тэрбум төгрөг зарцуулжээ. Хепатитийн В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад давхардсан тоогоор 90 гаруй мянган хүнийг мөн хамрууллаа.

Засгийн газар хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, аливаа өвчлөлөөс эмчлэн эдгэрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Тухайлбал Эрүүл мэндийн сайдын төсөв энэ онд 760,3 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оныхоос 9,5 хувиар нэмэгдэж байна. Вируст хепатитийн илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээг сайжруулах төслийг боловсруулж, санхүүжилтийн дэмжлэг авахаар Азийн хөгжлийн банкинд хандан хүсэлтээ тавьж, хэлэлцэж байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор эмч, мэргэжилтнүүдийг сургах, мэргэжил арга зүйгээр хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааны олон төрлийн ажлуудыг төлөвлөн хэрэгжүүллээ. Мөн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн мэдээний цахим санг үүсгэж, зорилтот бүлгийн хүн амыг мэдээллийг оруулж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр хүрч байгаа эхний үр дүнгийн талаар зарим тоо мэдээллийг та бүхэнд танилцуулъя. Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар эрт илрүүлэг үзлэгт 353,4 мянган хүн хамрагдаж, хамрагдалт 47,1 хувьтай байна. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 8 хувьд нь В вирус эерэг, 16,5 хувьд нь С вирус эерэг үр дүн илэрсэн байна. Энэхүү хөтөлбөрийн эхний шатны үр дүнг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн хепатитийн холбоо, Бразил улсын Засгийн газрын хамтран зохион байгуулсан “Дэлхийн хепатитийн дээд хэмжээний чуулган”-д танилцуулан туршлага солилцож, Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн “Хепатитгүй ирээдүйн төлөө Манлайлагч” улсаар зарлагдсан.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсээр харьцангуй багахан хугацаа өнгөрч байгаатай холбоотойгоор зарим алдаа дутагдал, бэрхшээлтэй зүйл гарч байгааг үгүйсгэхгүй. Иймээс Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлж, үр дүнд хүргэхийн төлөө чармайн ажиллах болно. Цаашид:
·  2018 онд 15-39 насны хүмүүсийг эрт илрүүлэг үзлэгт хамруулах;
·  Хөтөлбөрийн эхний шатны үзлэг, оношилгоогоор В, С вирустэй илэрсэн хүмүүсийг элэгний хорт хавдрын эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлыг эхлэх;
·  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2018-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан, тодорхой боловсруулан гаргаж, хэрэгжүүлнэ.
·  Даатгалын сангаас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 10,2 тэрбум төгрөг, элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 4,9 тэрбум төгрөг, С вирусийн эмчилгээний эмийн хөнгөлөлтөд 18,4 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэхээр тооцож шаардагдах төсвийг баталсан.
·  Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэд хепатитийн В, С вирусийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдаж чадахгүй байгаа тул иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг идэвхжүүлэх;
·  Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах;
·  Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын эрт илрүүлэг үзлэгийн хүний нөөц, тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүлэх;
 ·  Хепатитийн В вирусийн халдваргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулах санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно" гэв.
 

 

Холбоотой мэдээ