Өндөр хүчдэлийн шон мөргөснөөс Ховд хотод цахилгааны саатал гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-19 09:29:13
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг, аймгийн төвөөс 15 орчим км-ийн зайд "Дөрвийн хөтөл" гэх нэртэй  газар жолооч Н овогтой Л нь өчигдөр хальтиргаа, гулгаатай зам дээр огцом эргэлт хийхдээ өөрийн хайхрамж болгоомжгүй байдлаасаа цахилгааны шон мөргөн осол гаргажээ.
Ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй ч Ховд хот орчимд цахилгааны саатал гарч албан байгууллага, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, багагүй хохирол учирч байна. Гэмтлийг шуурхай засварлахаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг, “ББЭХС” ТӨХК, “Ховд ЦТС” ХХК, Ховд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги зэрэг  мэргэжлийн байгууллагуудын 40-50 хүний бүрэлдэхүүнтэй баг хүйтэн, хүнд нөхцөлд ажиллаж байна. Ховд ЦТС ХХК, аймгийн Эрчим Хүчний Зохицуулах Зөвлөлөөс өгсөн мэдээллээр өчигдөр байдлаар цахилгааныг нэг шугамаар өгч байна. Гэмтсэн шугамыг засварлаж өндөр хүчдэлийн шон суулгахад 3 метр гүн нүх ухах ёстойгоос нэг метрийг нь ухаад байгаа юм. Маргааш 2-3 цаг 0 зогсолт хийж засварын ажлыг хийж дуусгана гэж мэдээллээ. 
                                                                                                    А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ