Европын холбоо Монгол Улсын эрүүгийн эрх зүйн шинэчлэлд хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРБага хуралд Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий Прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний Комиссийн удирдах албаны хүмүүс, олон улсын болон үндэсний хүний эрхийн шинжээчдийн төлөөлөл оролцлоо. Хурлыг нээж Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баясгалан нар үг хэлэв.
Бага хуралд оролцогчид Эрүүгийн хууль, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл, ялангуяа хэргийн зүйлчлэл, ялын бодлогод орсон өөрчлөлт, хэргийг мөрдөн шалгах үйл явцад хүний эрхийг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл, жендерт суурилсан бусад хүчирхийллийн хэрэг болон насанд хүрээгүй хүүхэд холбогдсон хэргийг шалгах асуудлаар илтгэл сонсч, хэлэлцүүлэг өрнүүлэв. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль болон холбогдох хуульд орсон өөрчлөлт хүний эрхийг хангах илүү боломжийг нээж өгсөн бөгөөд гэхдээ амьдрал дээр бэрхшээл, сорилтууд тулгарсаар байгаа юм. Европын Холбооны Монгол Улс дахь Суурин Төлөөлөгчийн Газрын Хэргийг түр хамаарагч ноён Марко Ферри “Энэ бага хурал эрүүгийн эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох алхамыг холбогдох хуульд өөрчлөлт хийх замаар хэрэгжүүлэхээс гадна бодлогын түвшинд, өргөн хүрээнд хангах боломжийг нээж байна” хэмээн онцлов.
Энэхүү хурлаас гарах тайлан, зөвлөмж нь Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд олон улсын хүний эрхийн стандартын дагуу хүний эрхийг хамгаалж, хангахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн Европын Холбоо, Монгол Улсын хүний эрхийн салбар дахь хамтын ажиллагаа, яриа хэлцээг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж албаны хүмүүс үзэж байна.

Бага хурлыг 2017 оны 10 дугаар сараас Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж байгаа Монгол Улсад хүний эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Энэ төслийн шугамаар хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар нийт гурван бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаагаас гадна Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээг орчуулж олон нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлнэ. Түүнээс гадна ноён Марко Ферригийн хэлснээр энэ төслийн хүрээнд прокурорын байгууллагын мэргэжилтнүүдийг Европын Холбооны гишүүн улсад туршлага судлах сургалтад хамруулах бөгөөд энэ нь Эрүүгийн багц хуулийг олон улсын хүний эрхийн стандарттай нийцүүлж хэрэгжүүлэх прокурорын байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэж үзэж байгаа аж. Мөн Улсын Ерөнхий Прокурорын Газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн хүний эрхийн сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажил хийх юм байна.
Мөн бага хурлын үеэр Прокурорын Сургалт судалгааны төвийн багш, судлаач, хяналтын прокурор Г.Оюунболд эрүүгийн хуулийн шинэчлэлээр хэрэгт холбогдсон болон шалгагдаж, буй сэжигтний мөрдөн байцаах хугацааг богино болгож, хуучин хуульд мөрдөж байсан байцаан шалгахдаа залхаах, олон хоногоор баривчлан шалгах, шүүх, прокурор, цагдан хорих, мөрдөн байцаалтын үүдэнд удаан суулгаж хүний эрхийг зөрчдөг явдлыг өөрчилснийг илтгэлдээ дурдсан бол МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор Д.Баярсайхан "Хүний эрхийг дээдлэхэд цаазар авах, цаазаас татгалзах, цаазыг өөрчлөн насаар нь болон өөр төрлийн зүйл заалтаар шийтгэхийг олон улсын хэмжээнд ихэд ярьж, ихэнх улс орон цаазаар авахаас татгалзах зарчим руу орцгоосон. Ийм үед Монгол Улс цаазар авахаас татгалзсан шийдлийг гаргачихаад эргээд цаазлах тухай ярьж буй нь олон улс, тэр дундаа Европын холбооны хамтран ажиллахаар тохиролцсоноосоо буцах асуудлыг үүсгээд буйг онцлов. Түүний энэ илтгэлийн талаар Олон улсын Хүний эрхийн эксперт Франсис Дэвидээс тодруулахад "Энэ судлаачийн дэвшүүлсэн асуудалтай санал нэг байна. Европын холбооны баримталж буй хүний эрхийн гол зарчим бол цаазаар авахыг бүрэн зогсоохын төлөө ажиллаж байгаа. Үүнтэй зөрчилдсөн шийдвэр гаргавал тохиролцсон асуудлыг шийдэхэд хүндрэл учирч болзошгүй" гэв.
Энэ удаагийн бага хурлыг 2017 оны 10 дугаар сараас Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж байгаа Монгол Улсад хүний эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Энэ төслийн шугамаар хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар нийт 3 бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээг орчуулж олон нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлнэ. Түүнээс гадна ноён Марко Ферригийн хэлснээр энэ төслийн хүрээнд прокурорын байгууллагын мэргэжилтнүүдийг Европын Холбооны гишүүн улсад туршлага судлах сургалтад хамруулна. "Монгол Улсын Эрүүгийн багц хуулийг олон улсын хүний эрхийн стандарттай нийцүүлж хэрэгжүүлэх прокурорын байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр болно" гэдгийг ч Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазны зөвлөх Г.Эрдэнэбат тайлбарлав. Мөн Улсын Ерөнхий Прокурорын Газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн хүний эрхийн сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажил хийх юм байна.
Ж.Батсайхан
Ж.Батсайхан