Хятад улс нүүрснээс татгалзаж, утаатай тэмцсээр байна

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-01-15 22:37:18
Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улсын Төр засгаас байгаль орчинд хор хөнөөл багатай, эрчим хүчний цэвэр эх үүсвэрийг ашиглах бодлого баримталж байгаа бөгөөд өнгөрөгч онд байгалийн хийн импортын хэмжээ нь 27 хувиар нэмэгдэж 68 сая тоннд хүрсэн тухай Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээллэв.
Өсөлтийн гол шалтгааныг ГЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Хуан Сунпин тайлбарлахдаа “Төрөөс агаарын бохирдолтой тэмцэх бодлоготой шууд холбоотой” гэв.
Тус улс “Хойд бүс нутгийн”-хаа халаалт, эрчим хүчийг нүүрснээс биш байгалийн хий боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд  2017 онд 28 хотын 4,7 сая айл,өрх эрчим хүчний “цэвэр” эх үүсвэрийг ашиглах болжээ. 
Мөн Агаарын бохирдолд хяналт тавих албанаас  шалгалтыг өндөржүүлж, тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Бээжин, Тяньжин, Хэбэй, Шаньси, Шаньдун, Хөнань зэрэг мужийн нийт 28 хотын 2100 обьектод шалгалт, үзлэг хийхдээ 21 зөрчил илрүүлж, холбогдох арга хэмжээг авчээ.
Үүнээс Хэбэй мужийн 6, Шаньси мужийн 4, Хөнань мужийн 1 компани тус тус агаарын бохирдлын “улбар шар” анхааруулгын үед зарим үйлдвэрлэлийг зогсоох шаардлагыг биелүүлээгүй зөрчил илэрсэн байна. 
Дашрамд дурдахад, Хятад улсад агаарын чанараас хамаарч, агаарын бохирдлын хэмжээг “цэнхэр”, “шар”, “улбар шар”, “улаан” гэж 4 ангилдаг.

 
А.Анхбаяр
 
 
 

Холбоотой мэдээ