ТОЙМ: Шатахууны хомсдол үүсч, татвар, утаа эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-14 21:09:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын улс төр, нийгмийн амьдралд өнгөрөгч долоо хоногт анхаарал татахуйц хэд хэдэн үйл явдал болж өнгөрлөө. Тухайлбал УИХ-аас Төв банкны /Монголбанк/ тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулан баталж, олон улсын жишигт нийцсэн Төв банктай байх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн бөгөөд Агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгууллаа. Үүнтэй зэрэгцэн Засгийн газрын тогтвортой байдлыг хөндсөн мэдээ мэдээлэл цацагдаж, УИХ-ын даргын нэр холбогдсон мэдээлэлдээ хариу мэдэгдэл хийв. Жанжин Д.Сүхбаатарын талбайд хоёр ч удаа жагсаал болж, татварын нэмэгдлийг эсэргүүцэн, агаарын бохирдлыг бууруулахад дорвитой ажил хийхийг шаардсан иргэд цугларч байхад шатахуун импортлогчид борлуулалтдаа хязгаарлалт хийж, хүндрэл үүсгэлээ. Энэ мэт өнгөрөгч долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Төв банкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж,
бие даасан байдлыг бататгав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрөгч долоо хоногт Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг баталлаа. Сөрөг хүчин болон зарим гишүүдийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулж, хоёр сар гаруйн хугацаанд УИХ-аар хэлцэгдсэн энэхүү хуулийн төслийг анх санаачлагчид өмнөх хуулийн нийт 60 гаруй хувьд өөрчлөлт оруулахаар боловсруулсан байсан юм. Харин эцсийн хэлэлцүүлгээр батлахдаа 18 орчим хувьд нь өөрчлөлт орсон ч гол үндсэн зүйл заалтуудаа авч үлдэж чадсан хэмээн ажлын хэсгээс дүгнэж байв.

Энэхүү хуулийн төслийг баталснаар Монгол Улсын Төв банк -Монголбанкны эрх зүйн байдлыг Монголбанкны бие даасан, хараат бус байдал, шийдвэр гаргах үйл явцыг олон улсын бусад төв банкуудад тогтсон шилдэг туршлага, зарчмыг баримтлан шинэчилснээр ач холбогдолтой болж байна хэмээн үзэж байгаа. Уг хууль 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хэрэгжиж эхэлснээр Монголбанкнаас гарах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, банкны хяналт шалгалтын шийдвэрийг хороогоор дамжуулан хэлэлцэж шийддэг байх хуулийн шаардлага бүрдэж, Монголбанкны зорилтод үл хамаарах төсвийн шинжтэй үйл ажиллагаа хязгаарлагдаж, Төв банк Засгийн газраас хараат бус байж, түүнтэй зөвхөн хуульд заасны дагуу харилцдаг байх зарчим хуулиар баталгаажиж байгаа аж. Мөн Монголбанкны бие даасан, хараат бус байдал нэмэгдэж, мөнгөний бодлогыг зөв зохистой боловсруулж, хэрэгжих хууль зүйн нөхцөл цаашлаад улсын макро эдийн засагт үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал хангагдаж эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг дэмжихэд хувь нэмэр болох юм.

Үүнээс гадна Монголбанкны засаглалыг сайжруулж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасган, хамтын шийдвэр гаргадаг дөрвөн зөвлөлтэй, нэг хороотой болгож байна. Төв банк арилжааны банкуудыг шалгаж, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авдаг, Мөнгөний бодлогыг Төв банк хамтын шийдвэрээр гаргаж, ерөнхийлөгч нь эцэст баталгаажуулж гарын үсэг зурдаг гэх мэт олон улсын жишигт нийцсэн Төв банктай байх эрх зүйн үндсийг бүрдүүллээ.


М.Энхболд: Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг
цаг алдалгүй, эн тэргүүнд дэмжинэ

Нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр өнгөрөгч долоо хоногт нэгэн мэдээлэл гарч эхэлсэн нь Засгийн газар дахин огцрох талаар агуулгатай байв. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 100 хоногоо тэмдэглэсний дараахан огцорно гэсэн яриа, мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар өгүүлсэн “МАН-ынхан нууцаар уулзаж М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ” гэсэн гарчигт нийтлэл нэгэн өдөр тутмын сонинд нийтлэгдсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргасан нь энэ мэт ярианд хариулт өгсөн нэг хэлбэр байв. Уг нийтлэлд "Энэ сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан, тэдний хамт зарим хувийн компанийн болон АН-ын төлөөлөл байлцсан, тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцоруулж Та Ерөнхий сайд болох нь зөв" хэмээн ярилцсан хэмээсэн. Харин үүнд өгсөн УИХ-ын даргын мэдэгдэлд “Юуны өмнө ийм уулзалт болоогүй, тийм асуудал яригдаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Би эвийг хичээдэг. Нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэл, эрмэлзлээр зүтгэхийг чухалчилдаг. Би талцлыг дэмждэггүй. Асуудлаа илэн далангүй ярих, зөвшилцөн ойлголцох нь эрүүл саруул сэтгэлгээ мөн гэж үздэг.
Улсынхаа эдийн засгийг илааршуулж, иргэдийнхээ аж амьдралыг өөд татах, тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг цаг алдалгүй, эн тэргүүнд дэмжих бодлогыг УИХ-ын даргын хувьд, хувь улс төрчийнхөө хувьд тууштай баримталж байна. Болоогүйг болсон мэтээр, байгаагүйг байсан юм шигээр, олон нийтийг талцуулсан, нийгмийн сэтгэл зүйг үймүүлсэн энэ мэт мэдээлэл тараахгүй байх нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн баримтлах үндсэн зарчим гэж би ойлгодог. Тиймээс хэрээс хэтэрсэн гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл дахин тараахгүй байхыг, чөлөөт хэвлэлийн нийтлэг зарчмаа сахиж ажиллахыг, нягтлаагүй зохиомол мэдээлэл бэлтгэж тараасныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйж, залруулга гаргахыг “Зууны мэдээ” сонины редакцад хандан шаардаж байна. Иймэрхүү хууль ёс зөрчсөн, хувь хүний нэр төрд халдсан мэдээ мэдээлэл дахин гаргах юм бол хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно гэдгээ мэдэгдье" гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүд ч Засгийн газрыг огцруулах талаар ямар ч яриа гараагүй, хэрэв гарсан ч дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.


Агаарын бохирдлын эсрэг сан байгуулж,
иргэд хэвтээ жагсаал хийлээ

УИХ болон Засгийн газраас утааг бууруулах асуудалд ид анхаарлаа хандуулан, шийдэл гаргахаар хэлэлцэж буй энэ үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрөгч долоо хоногт Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, баталлаа.

Уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулснаар Агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгуулах эрх зүйн орчин бүрдэв. Өмнө нь Цэвэр агаар гэх сан байгуулж, утаатай тэмцэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж байсан ч эцэст нь мөнгө завшсан хэргээр ажилчид нь шийтгэл авч, сан татан буугдсан. Харин энэ удаад өмнөх алдааг давтахгүйгээр хариуцлагын тогтолцоог давхар чангатгаж, утааг бууруулах чиг үүрэг бүхий агентлаг хүртэл байгуулахаар УИХ-аас чиглэл өгөөд байгаа. Тиймээс шинээр байгуулагдаж байгаа Агаарын бохирдлыг бууруулах тусгай сангийн үйл ажиллагаа хуулийн дагуу, ил тод, нээлттэй явагдаж, бодит үр дүнгээ өгөх ажил үйлчилгээг санхүүжүүлнэ хэмээн үзэж байна. Үүнээс гадна Агаарын тухай хуулийг баталснаар агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх боллоо.

Уг хуулийн төслийг батлах үеэр нэгэн маргаан гарсан нь хэрэгжих хугацааг 2019 оноос хэмээн тусгасантай холбоотой байв. Харин үүнд албаны эх сурвалжийн өгсөн тайлбараар, зөвхөн Агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгуулах асуудлыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр болсон. Учир нь 2018 оны Төсөв нэгэнт батлагдсан бөгөөд “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх”-аар тусгасан учир ийн хойшлуулсан юм. Харин агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг хилээр оруулж ирсэн тохиолдолд татвараас чөлөөлөх асуудал энэ оны нэгдүгээр сарын 20-ноос хэрэгжиж эхэлнэ.

УИХ-аас ийнхүү агаарын бохирдолтой тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа бол энэ талаар чиг үүрэг авсан Ажлын хэсэг дүүргүүдэд ажиллаж өнжлөө. Харин иргэдийн зүгээс Засгийн газар, шийдвэр гаргагчдыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлаа улам эрчимжүүлэхийг шаардаж өнгөрөгч бямба гарагт төв талбайд хэвтээ жагсаалыг анх удаа зохион байгууллаа. “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ-аас зохиосон жагсаалд оролцогчид “Боож үхлээ”, “Агаарын бохирдлыг устга”, “Үр хүүхдээ эрүүл, цэвэр, аюулгүй орчинд амьдруулмаар байна” зэрэг лоозон барьж, 15 минут хэвтсэн юм. Мөн дээрх үгсээ Англи, Орос хэлээр орчуулсан нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг олон улсад хүргэх зорилготой гэж тус ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү тайлбарлаж байв. Жагсаалын шаардлагад, иргэдийг орон сууцжуулах ажлыг шуурхай зохион байгуулж, зуух, түлш тараах гэх мэт үр дүн муутай шийдвэрээ эргэн харахыг талаар тусгасан байв.


Татварын нэмэгдлийг ОУВС-тай дахин хэлэлцэнэ

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн дагуу хэлэлцэж тохирсны дагуу нийт долоон төрлийн татвар нэмэгдээд байгаа нь иргэдийн шүүмжлэлийг маш их дагуулж байна. Иргэдийн шүүмжлэл мөн л Д.Сүхбаатарын талбайд жагсаал хийхэд хүргэж, баасан гарагт МҮЭХ-ноос уул уурхай, барилга, эрүүл мэнд, боловсролын зэрэг 22 салбар хорооны гишүүдийн оролцоотой жагсаал зохион байгууллаа.  Тэтгэвэрт гарах насыг 65 хүртэл үе шаттайгаар нэмэх, 1.5 сая болон түүнээс дээш цалинтай иргэдийн Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 15-25 хувь болгохыг эсэрцгүүцсэн энэхүү жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлж Олон Улсын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо (ОУҮЭХ)-ны Ази Номхон Далайн байгууллагаас илгээлт ирүүлснийг мөн энэ үеэр танилцуулж байв. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед татвар нэмэх замаар иргэдийн нуруун дээрх ачааг улам бүр хүндрүүлэх шийдвэрээ Монгол Улсын Засгийн газар эргэн харах шаардлагатай гэдгийг тус илгээлтэд дурьджээ. МҮЭХ-ны зүгээс энэ сардаа багтаан татвар, тэтгэврийн нас зэргийг нэмсэн шийдвэрийг цуцлахгүй бол ажил хаялт хийнэ гэдгийг ч анхааруулаад авав.

Ардчилсан нам болон УИХ дахь тус намын бүлгийн зүгээс өнгөрөгч долоо хоногт мөн татварын нэмэгдлийг цуцлах шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Хэрэв шаардлагыг хүлээн авч, нааштай хариу өгөхгүй бол УИХ, Засгийн газрыг огцруулах хүртэл асуудал тавина гэдгээ тус намынхан энэ үеэр хэлж байв.

Харин эрх баригчдын зүгээс татварын нэмэгдлийн асуудлаар ОУВС-гийн Ажлын хэсэгтэй эргэн ярилцах болсноо мэдэгдсэн. Тодруулбал ОУВС-гийн Ажлын хэсэг энэ сарын 25-нд Монголд ирж “Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээр” хөтөлбөрийг үнэлж дүгнэх юм. Энэ үеэр Засгийн газар татварын нэмэгдэл болон цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар хөндөж ярилцахаар төлөвлөөд байгаа юм.


Шатахууны үнийг нэмэхээр зохиомол
хязгаарлалт хийж эхлэв үү?

Өнгөрөгч долоо хоногийн төгсгөлд өрнөсөн хамгийн анхаарал татсан асуудал бензин, шатахууны үнийн нэмэгдэл болон зохиомол хомсдол байлаа. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс импортын шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлсэн. Үүнтэй холбогдуулж шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд жижиглэнгийн үнээ нэмэхээр зохиомол хомсдол үүсгэж, Шатахуун түгээх станцууд бямба гаргаас эхлэн хязгаарлалт хийгээд байна. Тэд алдагдалтай ажиллаж буйгаа мэдэгдэн, шатахууныг литр тутамд 250-300 төгрөгөөр нэмэх шаардлагатай байгааг өмнө нь тодотгоод байсан. Үүндээ хүрэхээр ихэнх ШТС-ууд АИ92 шатахууныг худалдаалахгүй, худалдаалсан ч зөвхөн тухайн ААН-ийн картаар, эсвэл тодорхой үнийн дүнд багтаан өгч эхлэв. “Петровис” ХХК-ийн зарим ШТС энгийн АИ92 худалдаалахгүй, нано АИ92 шатахууныг 1890 төгрөгөөр худалдаалж байгаа.

Өрсөлдөөний тухай болон Зөрчлийн тухай хуулиар зохиомол хязгаарлалт үүсгэж шатахууны үнийг зориудаар нэмсэн бол аж ахуйн нэгжүүдийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчлийн төрлөөс хамаарч өмнөх жилийн борлуулсан орлогын 4 болон 6 хувьтай тэнцэхүйц мөнгөн дүнгээр торгох заалттай хэмээн ШӨХТГ-ын дарга Б.Лхагва мэдэгдсэн. Мөн тэрбээр "Зарим аж ахуйн нэгж байгууллагууд шатахууны хомсдол үүсгэж байгаа бөгөөд шатахууны хязгаарлалт тогтоосон аж ахуйн нэгжүүдийг өрсөлдөөний хуулийн дагуу шалгаснаар ямар эх үүсвэртэй вэ гэдгийг тодорхой болгоно. Жижиглэнгийн үнээр борлуулж буй ШТС-ууд үнээ өсгөх, хомсдол үүсгэх эрх зүйн үндэслэл байхгүй” хэмээж байсан ч өнөөдөр ихэнх ШТС-ууд хязгаарлалт хийгээд байна. Ашигт малтмал газрын тосны газраас манай улс дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа. Гэсэн ч ийнхүү шатахууны үнийг 240-300 төгрөгөөр нэмэгдүүлбэл өргөн хэрэглээний бараа, автобус, таксины үнэ нэмэгдэж, иргэдийн амьжиргааны нэн тэргүүний хэрэглээнд нөлөөлөн, хямралд хүргэх нь тодорхой болоод байна.


Ардчилсан Үндсэн хуулийн 26 жилийн ой тохиолоо
 
Монгол Улс Ардчилсан Үндсэн хуулиа баталсны түүхт 26 жилийн ойн өдөр нэгдүгээр сарын 13-ны бямба гарагт тохиолоо. Монгол Улсын түүхэнд 1924, 1940, 1960 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталж байсан бөгөөд 1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын АИХ-аар Ардчилсан Үндсэн хуулиа баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн билээ. Монгол Улс социалист нийгмийн тогтолцоог халж, ардчилсан нийгэмд шилжсэн түүхэн чухал үед ардчилсан төрийн тогтолцоо, нийгмийн харилцааны суурийг тавьж өгснөөрөө 1992 оны Үндсэн хууль онцлогтой хэмээдэг. Энэхүү Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалсан юм. Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар зохицуулалт туссан байдаг.

Монгол Улсын Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ өдөр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор профессор С.Нарангэрэлийн “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, Үндсэн хуулийн эх баригч Б.Чимидийн нэрэмжит шагнал олгож, Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Гавьяат эдийн засагч цолоор А.Бааст, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Лонжидсүрэн, Р.Чойжинням, Л.Батчулуун нарыг шагнасныг УИХ-ын дарга М.Энхболд гардуулав. 
 
******

Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн анхаарал татсан үйл явдлыг тоймлоход ийм байна. Харин ирж буй долоо хоногт УИХ-аар Банкны тухай хууль, Донорын тухай хуулиудыг хэлэлцэж батлах бол Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Харин нийгэмд шатахууны үнэ өсөх эсэх, хязгаарлалт хэр удаан үргэлжлэх эсэх нь таамаг, хүлээлт болж байна. 
Н.Гантуяа
 
Холбоотой мэдээ