Хуурамч түгшүүрийн улмаас хавайчууд айж сандарцгаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-01-14 12:44:26
ЛОС-АНЖЕЛЕС. /Шиньхуа/. АНУ-ын Хавай муж улс руу пуужин харвалаа гэсэн “хуурамч түгшүүр”-ийн улмаас бямба гарагт буюу өчигдөр тус муж улсын оршин суугчид болон жуулчид айж сандарцгаасан тухай “Шиньхуа” агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, “Хавай руу баллистик пуужин харвалаа. Нэн даруй аюулгүй газар олж хоргодоцгооно уу! Энэ бол сургуулилт биш” гэсэн анхааруулга бүхий мессэж орон нутгийн цагаар бямба гарагийн өглөөний 8:07 цагт хүмүүсийн гар утсанд ирсэн аж.

Хавайн оршин суугч болох нэгэн эмэгтэй ярихдаа “Манай гэрийнхэн их айж сандарцгаасан. Бид машины гараажиндаа нуугдсан. Ээж, эгч хоёр минь уйлаад л байсан” гэжээ.

Дээрх анхааруулга ирснээс 38 минутын дараа “Хавай руу пуужин харвасан гэх ямар ч шинж тэмдэг алга. Хэн нэгний буруугаас ийм мессэж илгээгдсэн байна” гэсэн мессэж ирсэн гэнэ.

Хавайн захирагч Дэвид Иге “Си-Эн-Эн” телевизэд ярилцлага өгөхдөө “Хавайд байсан хүн бүрийн адил би өглөөг түгшүүрийн мессэжтэйгээр угтсан. Ийм хуурамч түгшүүр илгээн хүмүүсийг айж сандаргасанд харамсаж байна” гэжээ. Түүний хэлснээр, Хавайн Онцгой байдлын газрын хэн нэгэн “буруу товчлуур” дарсны улмаас ийм хэрэг болсон бололтой. Хэн ийм хэрэг хийснийг тогтоохоор тус газрын холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа аж.

Энэ хэрэг болох үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Флорида муж улсад гольф тоглож байжээ. Хэргийн талаар холбогдох албаны хүмүүс түүнд шуурхай мэдээлсэн гэсэн мэдээлэл байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ