Гал түймэр ихсэх хандлагатай байгааг сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-11-19 15:59:43

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан сүүлийн үед гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Пийшингийн буруу галлагаа, хэт галлах, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэрэг иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэн обьектын гал түймэр ихээр гарч иргэд угаартах, амь нас алдах, эд хогшил, орон байраа шатааж гэр оронгүй болох эрсдэл гарсаар байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн 7, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 2 дуудлагатай байжээ.

Тиймээс, пийшингийн галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт орхихгүй, цоожлож үлдээхгүй байхыг  сэрэмжлүүллээ. Он гарсаар улсын хэмжээнд нийт 4134 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж түймрээс 423 иргэнийг аварч, 35 иргэн түлэгдэж гэмтэн, 51 хүн өртөж нас барсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.  

Б.Туул

 

Холбоотой мэдээ