АНУ Парисын хэлэлцээрт эргэн нэгдэж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2018-01-11 17:47:59
ВАШИНГТОН. /Ройтерс/. Хэрвээ Америктай илүү шударга, тэгш харьцвал АНУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх Парисын хэлэлцээрт эргэн нэгдэж болох юм гэж Цагаан ордны тэргүүн Дональд Трамп мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.

“Парисын хэлэлцээр нь АНУ-ын хувьд тус болохоосоо илүү ус болж байна. Энэ хэлэлцээрийг дагаж мөрдсөнөөр манай улс 6.5 сая ажлын байраа алдаж, 3 их наяд долларын хохирол амсана” гэж Д.Трамп мэдэгдэж, энэ хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж байгаагаа өнгөрсөн оны зургадугаар сард нийтэд зарласан билээ. Үүнтэй нь холбогдуулан “Дэлхий дахины нуруун дээрх хамгийн том ачааг үүрэлцэхээс татгалзлаа” гэж АНУ-ыг ажиглагчид шүүмжилж байгаа юм.

Одоогоор энэ хэлэлцээрийг эсэргүүцэж буй ганц улс байгаа нь АНУ билээ. Энэ  нь  дэлхий даяар хүлэмжийн хийн ялгаралтыг аль болох богино хугацаанд багасгах, XXI зууны сүүлийн хагас гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг тэглэх зорилготой хэлэлцээр юм.

Д.Трамп өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Би хувийн шалтгаанаар энэ хэлэлцээрээс АНУ-ыг гаргасан юм биш. Барак Обамагийн засаг захиргааны үед Парисын хэлэлцээрт нэгдсэн  нь ч уг хэлэлцээрээс АНУ-ыг гаргасантай хамаагүй. Зүгээр л энэ нь АНУ-ын хувьд маш муу хэлэлцээр болсон. АНУ-д ашиг тусгүй. Харин Хятад, Энэтхэг зэрэг өрсөлдөгч улс орнуудад илүү ашиг тустай хэлэлцээр болсон. Гэхдээ АНУ-тай илүү шударгаар, эрх тэгш харьцвал энэ хэлэлцээрт эргэн нэгдэж болохгүй гэсэн газаргүй” гэжээ.

Г.Доржханд
Холбоотой мэдээ