Арвайхээрийн иргэдэд хогоо ангилан ялгах дадал, хэвшлийг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-09 21:56:50
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Арвайхээр” ТҮГ-аас Арвайхээрчүүдэд хог ангилан ялгах талаар мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. “Хот суурин газар амьдарч буй иргэдийн хамгийн том соёл бол хогоо ангилан ялгаж хаях явдал юм” хэмээн тус албаныхан үзэж байгаа бөгөөд үүнийг дадал, хэвшил болгохын тулд айл өрх, албан байгууллага бүрт сургалт зохион байгуулах аж.
Арвайхээр хотын иргэд өдөрт 150 тонн гаруй хог, жилд 2000 орчим тонн хогийг ангилан ялгалгүйгээр хаядаг бөгөөд “Арвайхээр” ТҮГ-ын ажилчид айл өрх, байгууллагын хогийг ачихын тулд өдөрт долоон машинаар 3-5 эргэлт хийж, Түгээ овооны хогийн цэг дээр асган ландфиллийн технологийн дагуу дарж булах үйл ажиллагааг явуулдаг.
Хог хаягдлын бүтцийг авч үзвэл дахин боловсруулах боломжтой хог хаягдал буюу цаас, пластик ундааны болон усны сав, хөнгөн цагаан, лааз, шилний хэмжээ нийт хог хаягдлын тал хувийг эзэлдэг байна. Тиймээс хог хаягдал дахин боловсруулах цэгүүдийг байгуулах зорилт тавьж байгаа ба үүний тулд хог хаягдлыг анхан шатанд ангилан ялгах тогтолцоог бий болгох шаардлагатай байгаа ажээ.
 Б.Батчимэг
Холбоотой мэдээ