Шууд холбооны шугамыг сэргээхээр болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-09 18:25:05
МОСКВА. /ТАСС/. Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжаах зорилгоор Умард Солонгос болон Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамдын хооронд шууд холбооны шугамыг сэргээхээр хоёр тал тохиролцов гэж “Ёнхап” агентлаг мэдээлэв.

Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны орлогч сайд Чун Хэ Сон мэдэгдэхдээ “Шугамыг сэргээхэд шаардлагатай техникийн ажлуудыг Умард Солонгос гүйцэтгэж дууслаа. Шугам лхагва гарагт ажиллаж эхэлнэ” гэжээ.

Хоёр Солонгосын Зэвсэгт хүчний төлөөлөгчдийн хоорондын шууд холбоог Умард Солонгосын санаачлагаар 2013 онд хаагаад байсан юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жефри Фелтман өнгөрсөн оны 12 дугаар сард Пхеньянд айлчлахдаа буруу тооцооллын аюулыг бууруулахын тулд шууд холбооны шугам, тэр дундаа цэргийнхэн хоорондын шугамыг сэргээхийг талуудад уриалсан байна.  

Хоёр улсын шууд холбооны өөр нэгэн шугамыг хилийн Панмүнжом тосгонд энэ сарын 3-нд нээсэн юм. 
 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ