Д.Трамп Эль-Сальвадорын 265 мянга гаруй иргэнд нутаг буцах хугацаа өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-09 14:35:05
ВАШИНГТОН. /Би-Би-Си/. Эль-Сальвадорын 265 мянга гаруй иргэнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа нутаг буцах хугацаа өгсөн тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Төв Америкийн хамгийн жижиг улс болох Эль-Сальвадорт  2001 онд 1000 орчим хүний аминд хүрсэн газар хөдлөлтүүд болсон билээ. Энэ байгалийн гамшгийн дараа АНУ “хүмүүнлэгийн шалтгаан”-аар сальвадорчуудад “түр хамгаалалтын статус” буюу Америкт ажиллаж, амьдрах зөвшөөрөл олгосон юм.

Гаити болон Никарагуа улсын хэдэн мянган иргэний “түр хамгаалалтын статус”-ыг цуцлах шийдвэрийг шинэ оны өмнөхөн гаргаад байсан Д.Трампын засаг захиргаа энэ удаад АНУ-д бараг 20 жил ажиллаж, амьдарсан Эль-Сальвадорын 265500 иргэнийг 2019 оны есдүгээр 9-нөөс өмнө нутаг буцаах шийдвэрийг гаргасан байна. Заасан хугацаанд нутаг буцаагүй хүмүүсийг АНУ-аас албадан гаргах аж.

“Түр хамгаалалтын статус”-тай сальвадорчууд АНУ-ын засаг захиргааг эрс шүүмжилж байна. Америкт бараг 20-оод жил амьдарч буй нэгэн эмэгтэй ярихдаа “Миний амьдрал энд өнгөрсөн. Миний гэр, ажил энд байна. Би энд татвар төлдөг. Би үхэх хүртлээ энд амьдрах болно” гэжээ.

АНУ-ын засаг захиргааны шийдвэртэй холбогдуулан Эль-Сальвадорын Гадаад харилцааны сайд Уго Мартинес өчигдөр мэдэгдэл хийхдээ “Америкт амьдарч буй сальвадорчуудыг нутаг буцаалгахгүйн тулд бид АНУ-ын засаг захиргаатай хэлэлцээ хийж, хамтран ажиллах болно” гэжээ.

Америкт буй сальвадорчууд нь эх орондоо байгаа ар гэрийнхэн рүүгээ мөнгө шилжүүлэх замаар улсынхаа эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулдаг гэнэ.  2015 онд л гэхэд Америкт буй иргэдийнх нь шилжүүлсэн мөнгө Эль-Сальвадорын ДНБ-ий 15 гаруй хувийг бүрдүүлсэн гэж эх сурвалж мэдээлжээ.

Зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшиг болон халдварт өвчинд нэрвэгдсэн улс орнуудын иргэдийг түр хамгаалалтад авах хөтөлбөрийг АНУ 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрт 10 улс орны 435 мянган иргэн хамрагдаад байгаа гэнэ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ