Шинэ сургуулийг Ц.Готовын нэрэмжит болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-06 17:47:28
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын гуравдугаар сургуулийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан, Монгол Улсын гавьяат хуульч Цэдэндамбын Готовын нэрэмжит болголоо.
Булган суманд шинээр ашиглалтад орсон ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн сургалтын үйл ажиллагаа энэ сарын 22-ноос эхлэх юм.
Төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Готов 1921 онд Сайхан суманд төрсөн бөгөөд Булган аймгийн бага сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Багшийн дээд сургууль төгссөн түүхч мэргэжилтэй, багш, Яамны мэргэжилтэн, МУИС-ийн декан зэрэг ажил хийж байсан юм. 1964-1990 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тасралтгүй 26 жил ажилласан байна.
Төрийн эрх барих дээд байгууллагад өөрийн амьдралаа зориулан, улс төрийн үйл ажиллагааг зохион байгуулж, боловсронгуй болгох, төрийн дээд байгууллагаас гаргаж байсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг Монгол Улсын үндсэн хуульд нийцүүлэх алба хашиж байсны төлөө одоогоос 10 жилийн өмнө түүнийг Монгол Улсын гавьяат хуульч цолоор шагнаж байжээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ