Хүүхдийн тасгийн ачаалал ихсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-04 11:35:15
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт ханиад томуу их байгаа учир Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал ихэсчээ.
Энэ талаар Хүүхдийн тасгийн эрхлэгч Ц.Одончимэгээс тодруулахад “Сүүлийн 10 жилийн судалгааг харахад манай тасагт  жилдээ 400 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байсан бол энэ тоо ихэсч жилдээ бараг 1500 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг боллоо. 2017 оны 12 дугаар сараас эхлэн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчин ихэссэн. Үүнээс шалтгаалж амбулаторийн үзлэг, яаралтай тусламжийн дуудлага, хүүхдийн хэвтэлтийн тоо ч ихэсч байна. Хүүхдийн тасаг 25 ортой ч  48 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй.
Зарим эцэг эх бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явах, шинэ жилийн арга хэмжээнд оролцох, хүүхэддээ анхаарал хандуулахгүй байх зэргээс шалтгаалж ханиад хүргэчихдэг. Зарим нь эмнэлэгт ирэхдээ хүндэрчихсэн байдаг. Шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд л гэхэд түргэний дуудлагын талаас илүү хувь нь хүүхдийн дуудлага байх жишээтэй. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал хандуулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэх,эмчийн зөвлөгөө зааврыг сайтар дагах нь чухал” гэв.
Төрөх тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн ихэнх нь томуу болон томуу төст өвчний хүндрэлээс үүдэж хатгалгаа туссан бөгөөд  0-3 насны хүүхдүүд зонхилж буй аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ