Иранд эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш амиа алдагсдын тоо 14 болж нэмэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-01-02 07:48:59
ТЕГЕРАН. /Ройтерс/. Иран улсад засгийн газрын эсрэг жагсаал эхэлснээс хойш 14 хүн, тэдний дотор нэг цагдаа амиа алдаад байна гэсэн мэдээлэл байна.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрс өсөж, ажилгүй хүмүүсийн тоо олширч байгаатай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тус улсын зүүн хойд нутгийн Машхад хотын оршин суугчид эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн юм. Улмаар энэ жагсаал нь тус улсыг бүхэлд нь хамарсан жагсаал цуглаан болж өргөжиж, сүүлдээ “хүчирхийлэл” болж хувираад байна.

Өнгөрсөн ням гарагт тус улсын гурван хотод жагсагчид болон аюулаас хамгаалах хүчнийхэн  мөргөлдөх үеэр 11 иргэн амь үрэгдсэн аж. Тэгвэл өчигдөр болсон жагсаалын үеэр жагсагчдын нэг нь нэг цагдааг буудан хөнөөснөөр тус улсад эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш амь үрэгдэгсдийн тоо 14 болж нэмэгдээд байна. Өмнө нь хоёр жагсагч амиа алдаад байсан юм. Мөн 400 гаруй жагсагчийг тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэн баривчлаад байгаа аж.

Ням гарагт болсон жагсаалын үеэр жагсагчид байшин барилгуудын цонхыг хагалж, хаалгыг нь эвдэж, цагдаагийн тээврийн хэрэгслүүдийг шатааж  байгааг харуулсан дүрс бичлэгүүд тус улсын төрийн мэдлийн телевизээр гарч байна.

Аливаа хүчирхийллийг тэвчихийг тус улсын Ерөнхийлөгч Хассан Роухани жагсагчид болон аюулаас хамгаалах хүчнийхний аль алинд нь уриалсан хэдий ч эсэргүүцлийн жагсаал зогсох шинжгүй байна.
 
Тус улсын нийслэл Тегеран хотод аюулгүй байдлыг чангатган цагдаа нар гол гол гудамж талбайнуудад хамгаалалтад гараад байгаа ажээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ