“Халуун болор”-ын барилга барих хандивын тоглолт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 21:54:02

Баянхонгор аймаг дахь Шаргалжуутын рашаан сувилалд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй асарч, сувилах “Халуун Болор” төвийн барилгыг барих санхүүжилтийг босгох арга хэмжээ энэ онд өрнөж байна.

1000 төгрөгийн аян зарлаж, чамлахааргүй мөнгө цуглуулж байсан тус төвийнхөн үлдсэн төсвөө олон түмнээсээ босгохоор ирэх сарын 1-нд Монгол бөхийн өргөөнд “Халуун Сэтгэл” тоглолтыг хийхээр болжээ.

Барилгын зураг төсөл хэдийнэ бэлэн болсон бөгөөд төсөвт хөрөнгийг бүрдүүлснээр ирэх зун гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үнэ төлбөргүй сувилуулах газартай болохоор байгааг “Халуун болор” төвийн тэргүүн А.Одончимэг хэлж байна. Тэрбээр “Барилгын ажлаа ирэх 4 дүгээр сард эхлээд 6дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна гэж тооцож байгаа. Манай барилгыг “Бридж” группийн ТУЗ-ийн дарга Хонгор нутгийн уугуул н.Дорждэрэм барьж өгөхөөр амласан. Цуглуулсан хандиваа барилгын материал авах, тээвэр, ажилчдын цалинд зарцуулна хэмээн тооцож байгаа” гэсэн юм.

Тус тоглолтын тасалбар бүрнээ борлуулагдаж чадвал “Халуун Болор” төвийн барилгын санхүүжилтийн 20 хувь босох аж. Бас энэ тоглолтыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болоод тэдний эцэг эхэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ