Ц.Цогзолмаа: Сугалаа сугалж хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлдэг асуудлыг таслан зогсооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-26 16:52:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн мэдээллийг сонсов.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Засгийн газарт нийслэлийн цэцэрлэггүй 25 хороонд цэцэрлэг барих асуудлыг 2017-2019 онд үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн 75 цэцэрлэг, хөдөө орон нутаг дахь нэн шаардлагатай цэцэрлэгүүдэд өргөтгөл хийх, улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон цэцэрлэгийг буулгаж шинээр барих, цэцэрлэгийн хүүхдийн хоолны стандартыг мөрдүүлж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна. Сайд Ц.Цогзолмаа ирэх оны төсвийг батлахдаа цэцэрлэг сургуулиудын хөрөнгө оруулалтыг бүрэн шийдсэн хэмээн мэдээллийнхээ эхэнд онцолсон. 2018 оны есдүгээр сарын нэгэн гэхэд сугалаа сугалж, танил талаараа яриулж цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлдэг асуудал нэг мөр шийдэгдэнэ гэж тэрбээр хэллээ.

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 204, төрийн бус өмчийн 360, нийт 564 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан сүүлийн үед барилгын компаниуд орон сууцны хороолол барихдаа сургууль, цэцэрлэгийн барилгыг хамтад нь барих болсон. Цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой олон барилга бий. Тэдгээр барилгаас төр худалдан авч ашиглах боломж бий юу хэмээн лавласан. Энэ асуудлыг яамны зүгээс судалж байгаа бөгөөд цэцэрлэггүй хорооны нутаг дэвсгэрт барьсан стандартын шаардлага хангасан барилгыг худалдан авах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой гэсэн хариултыг сайд өгч байв.

УИХ-ын гишүүн М.Билэгт хөдөө орон нутагт цэцэрлэг байгуулах, тэнд багшлах боловсон хүчний асуудалд яамны зүгээс хэр анхаарал хандуулж байгааг лавласан бол УИХ-ын гишүүн А.Ундраа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох нөхцлийг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч буйг тодруулсан. Сайд Ц.Цогзолмаа, сургуулийн өмнөх боловсрол олгоход хөдөө орон нутаг, хот суурин газар гэж ялгахгүй гээд бүх хүүхэд ижил орчинд сурч хөгжих ёстой хэмээв. Тэрбээр, яамны зүгээс багш бэлтгэж буй бодлого, сургалтын хөтөлбөрийг өөрчлөх бодлогын зөвлөл байгуулан ажиллана гэлээ.

Мөн яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газарт Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийг байгуулж, Боловсролын их сургуульд Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимыг байгуулсан тухай мэдээлсэн юм. Тусгай хэрэгцээт боловсрол олгох багш бэлтгэх ажил сүүлийн 25 жил зогссон байсан бөгөөд 2018 оны хичээлийн жилээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заах багш нарыг дахин бэлтгэж эхлэхээр болсон аж. Мөн 2018 оны төсөвт тусгай сургуулиудад хүүхдийн автобус авах, нэмэлт камержуулалтын систем суулгах зэрэг арга хэмжээнд 2.3 тэрбум төгрөгийг тусгажээ. Түүнчлэн хүүхдүүд өгч буй хоол хүнсний бүтээгдэхүүнийг дамжуулагчгүйгээр үйлдвэрлэгчээс нь шууд нийлүүлэх, хүүхдийн хоолны чанар, аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах зэрэг олон асуудлыг шийдэж буй талаараа сайд мэдээлсэн.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг сургууль, цэцэрлэгийн асуудал яригдахаар хот руу анхаарал их хандуулаад хөдөө, орон нутаг орхигдоод байдгийг сануулсан. Тэрбээр Говьсүмбэр аймгийн гуравдугаар сургуулийн сурагчид 12 дугаар сард сурах бичигтэй болсон. 6-9 дүгээр ангийн сурагчдын 70 орчим хувь нь сурах бичигтэй байна. 12 дугаар ангийн сурагчдын сурах бичиг одоо хүртэл очоогүй. Улсаас өгдөг цөөхөн сурах бичгийг багш нар нь дундаа хэрэглэж, хүүхдүүд хувилж олшруулж хэрэглэж байна гэлээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, "Сурах бичгийн хүртээмж муу байгаа болоод бусад асуудал дотоод мониторинг орхигдсонтой холбоотой. 2018 онд боловсролын салбарын хүртээмжийг бүхэлд нь шийдэх болно. Өмнөговь аймагт 300 хүүхдийн дотуур байр барьсан ч тэнд одоо 30 хүүхэд л байрлаж байгаа нь ганцхан жишээ гээд тиймээс энэ мэт буруу төлөвлөлтөөс зайлсхийхийн тулд дотоод мониторингийг хийж байх болно" гэлээ.

Үргэлжлүүлээд Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” байнгын хорооны 6 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийсэн. Тэрбээр, "Манай улсын иргэдийн 1 сая нь 0-16 насны хүүхдүүд. Жил бүр 75 мянган хүүхэд нэгдүгээр ангид орж байна. Тэдний 35 мянга нь нийслэлд байна. Бид XXI зуунтай, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхана гэвэл боловсролын хүртээмж, хөтөлбөр, агуулгад цогц шинэчлэл хийх ёстой" хэмээн мэдээллийнхээ үеэр онцолсон юм.

Үүний дараа Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” байнгын хорооны 7 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийсэн. Монгол Улсад 97 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, 160 гаруй мянган оюутан суралцаж, 7000 гаруй багш ажиллаж байгаа аж. Эдгээр сургуулиудын 17 нь төрийн өмчийнх байна. Сайдын мэдээлснээр иргэдийн зүгээс чанаргүй олон сургуулийн талаар, мөн магадлан итгэмжлэлийн талаар гомдол байнга гаргадаг аж.

Магадлан итгэмжлэлийн суурь нь сургалтын хөтөлбөр авч тэрхүү сургуулийг төгссөн оюутан ажлын байртай болж чадах уу, үгүй юу гэдэг дээр ихээхэн асуудал гардаг байна. Их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэхдээ доктор, дэд профессорууд багшлах зэрэг шаардлага тавьдаг ч монголын доктор, профессоруудын анкет сургуулиас сургууль дамжаад явж байдгийг сайд нуугаагүй. Төрийн өмчийн сургуулиуд дотор тааруу нь ч бий, хувийн сургуулиуд дотор сайн нь ч бий хэмээн сайд хэлээд хамгийн гол нь их, дээд сургуулийн бодлогоо зөв гаргаад, хөтөлбөр, стандарт, боловсон хүчинд тавигдах шаардлагыг сайжруулах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
Холбоотой мэдээ