Перучүүд Ерөнхийлөгч асанд өршөөл үзүүлснийг эсэргүүцэн жагсаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-26 13:24:30
ЛИМА. /Шиньхуа/.  Перу улсын ерөнхийлөгчөөр 1990-2000 онд ажиллаж байсан Альберто Фухимори Зул сарын баярын өмнө өршөөлөөр суллагдсантай холбоотойгоор тус улсад хоёр дахь өдрөө эсэргүүцлийн жагсаал цуглаан болж байгаа тухай “Шиньхуа” агентлаг мэдээллээ.

1991 оны 11 дүгээр сард Перугийн нийслэл Лима хотын Барриос-Альтос дүүрэгт болсон 15 хүний амь насыг хөнөөсөн хэрэг, мөн 1992 оны долдугаар сард Ла-Кантута их сургуулийн багш, оюутан нийлсэн есөн хүнийг хулгайлж, амийг нь хөнөөсөн хэрэгт холбоотой гэгдэн 25 жилийн ял сонссон 79 настай А.Фухиморийг “эрүүл мэндийн шалтгаан”-аар энэ сарын 24-нд суллаж, эмнэлэгт хэвтүүлсэн юм.

А.Фухиморийг  сулласан тухай мэдээлэл  даваа гарагаас гарч эхэлснээс хойш түүнийг эсэргүүцэгчид жагсаал цуглаан хийж, цагдаа нартай мөргөлдөж байна.

Түүнийг эсэргүүцэгчдийн нэг бөгөөд хорт хавдар судлаач Элмер Хуанта ярихдаа “Олон хүнийг хөнөөх тушаал өгсөн, хүмүүсийг хулгайлсан А.Фухимори-д “эрүүл мэндийн шалтгаан”-аар өршөөл үзүүлэх ямар ч үндэслэл байгаагүй. Түүний туссан өвчин нь амь насанд хүрэхээр аюултай өвчин биш. Хүмүүнлэг ёсны үүднээс гэхээсээ илүүтэйгээр улс төрийн шалтгаанаар түүнд өршөөл үзүүллээ гэж би үзэж байна” гэжээ.
 
Даралт багасах, зүрхний хэм алдагдах өвчтэй гэх шалтгаанаар А.Фухиморид Перугийн Ерөнхийлөгч Педро Пабло Кучински өршөөл үзүүлсэн юм.
Г.Доржханд
 
 
Холбоотой мэдээ