А.Навальныйг сонгуульд нэр дэвшихийг албан ёсоор хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-26 09:18:58
МОСКВА. /Ройтерс/. ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг ирэх оны гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг албан ёсоор хориглолоо.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, А.Навальный нь авлигын хэрэгт холбогдож байсан учир ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэрийг Оросын СЕХ даваа гарагт буюу өчигдөр гаргасан байна.

Харин А.Навальный СЕХ-ны энэ шийдвэрийг “улс төрийн сэдэлтэй шийдвэр” гэж үзэж буйгаа илэрхийлэхийн сацуу “Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн Владимир Путин болон түүнийг дэмжигчид л нэр дэвшинэ. Ийм “тавилттай” сонгуульд оролцохгүй байхыг, энэ сонгуулийг эсэргүүцэхийг би ард түмэндээ уриалж байна” гэжээ.

А.Навальный бол В.Путиныг шүүмжлэгч бөгөөд авлигын эсрэг кампанит ажил өрүүлж байсан хүн юм. Тэрбээр Оросын залуу үеийн дунд чамгүй нэр хүндтэй нэгэн.

В.Путины засаг захиргааныхан авлига авч байна гэж тэрбээр энэ оны гуравдугаар сард мэдэгдэж, 10 мянга гаруй хүнийг хамруулсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байсан билээ.

Түүнийг В.Путин энэ сарын эхээр шүүмжлээд “Энэ хүн Оросын тогтвортой байдлыг алдагдуулахыг оролдож байна” гэж хэлж байв.

Оросын ээлжит ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сарын 18-ны ням гарагт болно.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ